Яагаад TomYo гэж?
Өмнө нь: Яагаад боловсрол гэж? Яагаад технологи гэж?
Үүнийг бичих гэж яг дөрвөн сар хүлээсний учир нь зүгээр л TomYo дээр ажлаа хийж байхад цаг хэтэрхий хурдан, зугаатай, гэхдээ маш их сорилттойгоор өнгөрөн одсоных юм.
2020 оны 5-р сарын 15, TomYo оффис
Яагаад анх ажилд орсон бэ?
Одоогоос нэг жил хагас орчмын өмнө би гэдэг хүн “боломжтой л бол цагаа зарж ажиллахгүй, хувийн стартап хийнэ” гээд шийдчихсэн, ер нь бол нэлээн шатаж дууссан мэдрэмжтэй байлаа. Ажлын хувьд гол баримталж байсан зарчим нь “сэтгэлээ дагаж шийдвэр гаргах” байсан ба учир нь тархиа дагахаар дандаа зовж гүйцээд байсан юм.
Шар шувуу маягаар ажилладаг болохоор шөнө онлайн сууж байгаад TomYo-гийн AI/Data engineer ажлын зарыг Баяраа ахын LinkedIn хаягаас олж уншив аа. Яахын аргагүй сэтгэл татсан боломж байсан тул үүрийн дөрвөн цаг хүртэл сууж байгаад өргөдлөө имэйлдэж орхилоо. TomYo-гоос тун удалгүй эргэж холбогдоод, эхний болон хоёрдугаар шатны ярилцлагыг биечлэн хийлээ.
Ярилцлагаас одоо санаанд байгаа зүйлс нь өмнө хийж байсан технологийн төслүүдээ танилцуулж байсан нь, Эрхэмээ ах болон Секүгийн “алсын харааг нь сайн асуугаарай” гээд Баяраа ахтай шууд ярилцлагад оруулсан нь, Баяраа ахын маш сорингуй/сонжингуй асууж байгаад “болж байна, чаддаг юм бол хий” гэсэн үг, ерөнхий хандлага байна. Ингээд сэтгэлээ дагасаар TomYochin болов.
Яагаад дахин нэгдсэн бэ?
Яагаад гэвэл TomYo-д хийж дуусгаагүй ажил үлдсэн байснаас тэр. Анх ороод учраа олохгүй явж байхдаа ухаалаг тест болон ухаалаг туслахын функц дээр ажилласнаас эхнийх нь ажиллагаатай, дараагийнх нь ажилгүй үлдсэн юм. Эднийг дуусгаж эцсийг нь үзэх хүсэл дотор минь явсаар байсан ба хэсэг хугацаанд завсарлаад TomYo багтаа эргэн нэгдэх боломж олдоход эргэлзэлгүй шүүрч авсан билээ.
Энэ удаад өмнөхөөсөө өөр малгайнууд өмсөж үзсэн ба BI гэсэн бүх төрлийн датаг ашиглаж бизнес шийдвэр гаргалтад тусалдаг албанд эхэлж зүтгэсэн ба энд Эжа “эгчээсээ” ихийг сурч авсаан. Дурдвал датаг зөв ашиглавал компанийн үйл ажиллагаанд ямар их нөлөө үзүүлж болохыг болон ер нь аливаад яаж зориод яаж хүрдэгийг бодит жишээгээр суралцлаа.
Өмнөх төслүүд дээр датаг датаных нь төлөө л цуглуулаад, анализ хийхийн нэрээр л анализ хийгээд байгаа юм шиг санагддаг байсан бол TomYo дээр дата болон анализыг ашиглан бодит бүтээгдэхүүн дээр бодит хүмүүсийн амьдралд нөлөөлөх үйлдэл хийж үүн шигээ бодит хариуцлага, бас эрсдлийг боломж, үр өгөөжтэй нь хамт үүрэх боломжтой болсон.
Энэ хариуцлагыг үүрүүлээд үр дүнг зохих ёсоор хүлээдэг “ажилдаа эзэн нь байх” соёл, одоо биш ч гэсэн ирээдүйн 10, 20 жилд Монголд шимээ өгөх боловсролын үр нөлөө TomYo багт эргээд нэгдэх, нэгдээд сайн багийн гишүүн байх үндсэн шалтгаанууд.
Яагаад үлдсэн/үргэлжлүүлэх вэ?
TomYo оффист “Welcome to the Jungle” гэсэн бичигтэй том постер бий. Энэ постерыг багт шинэ хүн элсэхэд болон гаднаас зочид ирэхэд хүртэл бид үзүүлэх дуртай байдаг. Энэ үгийн TomYo утга нь “энд хүн болгонд тэгш боломж бий, албан тушаал, ажлын туршлага ондоо гээд хэний ч үзэл бодол дуу хоолойг хэн ч үл хүндэтгэх ёсгүй, энд ийм хууль үйлчилнэ”.
Богино хугацаанд ч гэсэн хамт ажиллаж, хамтдаа суралцсан Анхаагийн маань хувийн бизнес амжилттай явж TomYo-гоо орхих болоход миний бие (Эжагийн саналаар) бүтээгдэхүүний менежер болон үлдэв ээ. Эхний нэг сар Баяраа ахаас их чиглүүлэг авснаас хамгийн ойр үлдсэн нь “бүтээгдэхүүн гэдэг чинь хэрэглэгч, бизнес, технологи, дата, контентийн огтлолцол” болон “бүтээгдэхүүний менежер аалзны мэдрэмжтэй байдаг” нар байна.
Бүтээгдэхүүний менежер болоод ямар ч технологийн сорилтыг урамтай даваад гардаг Эрхэмээ тэргүүтэй технологийн багтай хамт ажилласан нь, “хүнд зориг, хичээл зүтгэл, гаргасан үр дүн байвал түүнийг нь дэмжиж урамшуулдаг, бүтэн потенциалаа гаргах боломж олгодог” ширэнгийн хууль бүх TomYochid-д үйлчилж байхыг харсан нь TomYo-д үлдэх буюу үргэлжлүүлэх шалтгаан маань юм.
Ирээдүйд юу болохыг таашгүй ч яг одоо бүтэн сэтгэлээр амьдрах нь харамсалд зай үлдээхгүй, харин амар амгаланд хөтлөх учир энэ талархлын тэмдэглэлийг бичиж “Яагаад …” цувралыг дуусгаж байна.