Яагаад технологи гэж?


Өмнөхөн: Яагаад боловсрол гэж? Цааш: Яагаад TomYo гэж?

Эхлээд би танд одоогоос 10 гаруй жилийн өмнө дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхдаа технологи гэдэг үгийг юу гэж ойлгодог байснаа товч хуваалцъя. Технологи гээч олон сонсогддог хэрнээ хичээл дээр ч, амьдрал дээр ч тодорхой утгаар хэрэглэгддэггүй үгийг хөдөлмөрийн багаж, зэмсэг гэж л ойлгож явсан бололтой юм. Уг нь ч хөдөлмөрийн багаж зэмсгийг ерөнхийд нь, илүү хийсвэрээр технологи гэдэг байж болох юм. Гэхдээ жинхэнээсээ ойлгодоггүй, бас хэрэглэдэггүй байсны хар гайгаар энэ үг амьдралд минь огт оршдоггүй байсан гэхэд болно.

Дунд ангиас хойш сурч төгссөн ерөнхий боловсролын сургууль маань байгалийн ухааны суурь боловсролыг сурагч бидэнд харьцангуй сайн олгосон ачтай. Харин мэдээллийн технологийн хөгжлийг бидэнд ойлгуулж хэрэглүүлэх, үүний талаар зааж сургахдаа төдийлөн сайн биш байж ээ, хайрт сургууль минь. Ингээд технологи гэдэг үгийг мэдээллийн технологи гэдэгтэй бараг ижилхэн үзэж сольж ашигладгийг ч мэдэлгүй би гэдэг хүн боловсролын аяллынхаа эхний бөгөөд хамгийн суурь хэсгийг дүүргэсэн байна.

Ийм түүхтэй хэрнээ мэдээллийн технологи, компьютерийн ухааны үндсийг ахиулан судлахаар их сургуулийн босго алхсан нь энэ чиглэлд огтын сонирхол, мэдлэг байхгүй миний амьдралыг өөрчилсөн сонирхолтой бас азтай тохиолдол байжээ. Эхний үед математикийн суурь, англи хэл гээд ерөнхий хичээлүүд бэлтгэл маягаар үздэг байсан тул сэтгэлгээнд онцын өөрчлөлт гарсангүй. Улмаар алгоритмын үндэс, өгөгдлийн бүтэц гээд мэргэжлийн суурь хичээлүүд ороход ч мөн хичээл шүү дээ гэж хүлээж авсан уу яасан, техник сорилт, санаанууд нь сонирхолтой санагдсан хэдий ч эндээс онцгой содон утга учир олж хараагүй юм.

Харин компьютерийн ухааны үндэс, веб технологийн үндэс гэх мэт харьцангуй техник биш, илүү яагаад, юуны төлөө гэх зэрэг утга учрыг тайлбарласан, ололт амжилтыг танилцуулсан, философийн суурь өгөх ёстой хичээлүүд орж эхлэхэд дотор маань хариулагдаагүй асуултууд олширч эхлэв. Ямар нэгэн зүйл дутуу байгаа нь илт хэдий ч яг юу гэдэг нь ойлгомжгүй, хэн ч хариулж өгөхгүй, хариултаа хаанаас хайхаа мэдэхгүй нэг тийм зовлонтой үетэй золгов.

Photo by Christophe Hautier on Unsplash Photo by Christophe Hautier on Unsplash

Киноны мэдлэгээр маруухан ч гэсэн би амьдралдаа тохиолдсон чухал үйл явдлуудыг Inception киноны консепттой зүйрлэн тайлбарлах дуртай. Хүний зүүдэнд гүн ороод тодорхой санааг тухайн хүнд суулгаж хүссэн үйлдлээ сэрэхээр нь хийлгэхээр дүрүүд янз бүрээр үзэж тарж буйгаар гардаг шүү дээ. Санаа гээч хүний харах өнцөг, байр суурь, шийдвэр гаргалт гээд ер нь амьдралд хэр чухлыг киноны түлхүүр үйл явдлуудаар гаргаж байх шиг санагддаг юм. “Мэдээллийн технологи үнэхээр хүний амьдралд маш их өөрчлөлт оруулж нөлөөлөл үзүүлж чадах нь” гэдэг санаа 1 дээрх утгаар миний амьдралыг өөрчилж надад сонирхол, хобби өгсөн билээ.

Мэдээллийн технологи гэж яг юу юм бэ, юунд хэрэгтэй юм бэ, утга учир нь яг хаанаа байна?

Ийм асуултуудаар дүүрэн явж байгаад оюутнуудын дунд зохиогддог бизнес төслийн тэмцээнд оролцож үзэв. Сониуч зангаар шинэ зүйлс туршиж яваад татсан хаалгуудын хамгийн чухал нь энэ “технологийн бизнес” хаалга ч байсан байж мэднэ. Тэндээс бизнес зорилгоор буюу ашгийн төлөө, хүний амьдралыг хөнгөвчлөхөөр мэдээллийн технологийг ашигладгаар барахгүй энэ нь маш түгээмэл байдгийг анзаарч эхлэв. Ухаалаг гар утас, мундаг үзүүлэлттэй компьютер л технологийн бизнес биш, дуу хөгжим, хувцас хунар, өөр янз бүрийн үйлчилгээг технологиор дамжуулж хэрэгтэй хүнд нь оновчтойгоор хүргэдгийг ойлгов. Энэ үед аль хэдийн өөр мэргэжлийн чиглэлийг сонгон суралцаж байсан хэдий ч миний технологийн бизнес гээчийг бие даан судлах аялал дөнгөж эхэлсэн нь 7 жилийн өмнө санж.

Монголд энтрепренершип гэх шинэ төрлийн бизнесийг олон нийтийн түвшинд сурталчлах, формаль сургалт явуулах, оюутан залуучуудын сонирхлыг татах ажил ид өрнөж байв. Энэ танин мэдүүлэх, татан оролцуулах ажлууд надад бас хамт сурч эхэлж байсан найзуудад маань их үр нөлөө өгсөөн. Бусад хүмүүс ийм гоё юм хийдэг юм байна, тэр нь ийм үр нөлөөтэй юм байна гэх мэтчилэнгийн өнгөц, холын мэдлэгээс бид бас ийм гоё юм хийж болох нь, ер нь технологийн бизнес хийе гэсэн ойрын, хувийн бодолтой болоод технологийг нь бие даан сурч эхлэхэд би лав 2 орчим жилийг зарцуулсан. Энэ бол санаа 2 ба надад өмнө нь хэзээ ч байгаагүй зорилго, тэмүүлэл өгсөн юм.

Амьд байх л амьтанархуу зорилготой, арай дөнгүүр байж мэдэх зүйлээ л бусдын дэмжлэгтэйгээр оролддог, тэгэхдээ хангалттай хичээл зүтгэл ч гаргадаггүй байсан миний хувьд хоббитой, тэгээд зорилготой болсон нь шинэ төлөв байдал байв. Өмнө нь суурийг нь сурч эхэлж байсан хүний хувиар харьцангуй төвөггүйгээр програмчлалын гурван ч хэл шинээр сурч бага сага ашиглаж үзэв. Гэхдээ яг ажил хэрэг болгох гэхээр шинэковдоо ч тэр үү, буруу зүгтээ ч зүтгэсэн үү, ер болж өгдөггүй шүү. Шинэ төлөвт очсон нь хэчнээн ахицтай ч гэсэн уг чиглэлээр яг таг хатуу, зөөлөн чадварууд үгүй бол зорилгод хүрч чадахгүйгээр барахгүй хоббигоо дагах ч боломжгүй болох нь гэдэг санаа 3 байв. Энэ санаа надад зорилгынхоо төлөө хөдөлмөрлөх хүч өгдөг ба энэ үйлчлэл 5 жилийн дараа буюу өнөөдөр ч хүчинтэй хэвээрээ. Цаашид харин яах бол?

Мэдээллийн технологитой холбоотой ийм гурван санаа миний амьдралыг гурван үе шаттайгаар, гурван өөр цаг үед тун дориунаар өөрчилсөн учраас би өнөөдөр энд технологийн талаар бичлээ. Хэрэв таны амьдралд мөн үүнтэй холбоотой түүх бий бол эргэлзэлгүй бичээрэй, дараагийн нийтлэлээр уулзъя, түр баяртай!