Яагаад боловсрол гэж?


Цааш: Яагаад технологи гэж? Яагаад TomYo гэж?

Би өнөөдөржин дээрх гурван асуултыг өөрөөсөө асуулаа. Хариулт нь маш тодорхой, аль хэдийн дотроо ч хариулчихсан, гаднаас ч хариултыг нь олчихсон мэт (уг нь бол олчихсон л байсан) асуултууд байвч тов тодорхой хариулт орж ирсэнгүй.

Бүр гайхаш тасрав. Нэг үгийг олон удаа уншаад байвал үсгүүд нь тодорч харагдаад үгийн утга хэсэгтээ алдагддаг шиг л юм болсон. Тэгээд өөртөө зориулж энэ асуултуудын хариултыг товчхон бичихээр шийдлээ.

Арван жилээ төгсөхдөө би их юм боддоггүй хүүхэд байжээ. Амьд байх нэгт, амьдрах хоёрт байсанд бас учир бий бий. Цаг өнгөрөхийн хэрээр эргэн тойрныхоо юмс үзэгдлийг ажиглан сурах, заримтай нь таараад унан тусахын явцдаа бага сага юм бодож стрессдэх болсон юм. Эднээс заримыг нь дотны найз нөхөддөө ярин сэтгэлээ уудалдаг ч байжээ.

Хааяа иймэрхүү яриа болно.

Энэ яагаад ийм юм бэ? Энэ ер нь ийм юм уу? Үгүй, энэ ер нь тийм юм байна. Энэ яагаад тийм юм бэ? Энэ ийм учраас тийм юм байна. Тэгвэл тиймийг яаж ийм болгох вэ?

A Few Moments Later A Few Moments Later

Ингэж үргэлжилсээр хамаг асуудлын гол нь боловсрол байсан юм шигээр яриа төгсөх нь олон байж. Эндээс бүх асуудлын шийдэл нь боловсрол биш юм аа гэхэд боловсролын асуудлуудыг шийдэхгүйгээр цааш явах боломжгүйг өөртөө дүгнэсэн шиг байна.

Яагаад энэ байшинг ийм муу барьсан юм бэ? Яагаад ажлын муу гүйцэтгэл салбар, салбарт ил, тод харагдана вэ? Боловсрол.

Яагаад энэ сурагч хичээлээ ойлгосон ч, ойлгоогүй ч асуулт асуудаггүй юм бэ? Яагаад оюутнууд ийм аймхай, ийм гөлгөр юм бэ? Боловсрол.

Яагаад энэ хүн ийм уцаартай юм бэ? Яагаад энэ ажлын байр ийм бага цалинтай юм бэ? Яагаад энэ хүн өөрийн чадалд хүрч үнэлэгдэхгүй байна вэ? Боловсрол.

Хаашаа л харна, боловсролын гэмт хэргийн хохирогчид цаашид энэ хэргийн эзэд болон өвлүүлэх нь үзэгдэх тул энэ боловсрол гээчтэй зууралдахаас өөр аргагүй. Өөрөө хохирогч билүү, одоо хэргийн эзэн болох уу гээд явж байтал азаар юм уу эзээр юм уу улсынхаа гүн (академик) боловсролын салбарын гүехэн чанартай жамаараа танилцав аа.

Өөрийнхөө харсныг л харсан байдаг, мэдсэнийг л мэдсэн байдаг хойно үзсэн харснаараа л төсөөлөн бичиж буйг эрх биш үүнийг олж уншигч ялгах байлгүй.

Ямартай ч, “Яагаад боловсрол?” гэдгийн хариултыг би “Яагаад? Боловсрол.” гэдгээс олжээ дээ янз нь. Яагаад боловсрол юм бэ гэвэл боловсрол бол улсын маань өсөх, хөгжих зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь. Яагаад боловсрол юм бэ гэвэл энэ салбарт бид хэлбэрээрээ биш байж мэдэх ч, агуулгаараа хол тасархай хоцроод байна. Яагаад боловсрол вэ гэвэл бидэнд бас энэ орон зайд үнэ цэн үүсгэх маш их боломж байна.

Яагаад технологи гэж асуултын хариултыг дараагийн бичвэрт товчхон тайлбарлана аа, өнөөдөртөө түр баяртай!