AI + X гэж юу вэ?
Бас та кареераа тэр чигт нь өөрчилж AI руу орох хэрэгтэй юу?
Зураг: YouTube дээрх хэлэлцүүлгээс авав
Машин сургалт, гүнзгий сургалт, хиймэл оюун ухааны (товчийг бодож цаашид AI гэе) мэргэжилтнүүд, ялангуяа суралцагчдын маш сайн мэддэг, хичээлийг нь үздэг deeplearning.ai компани өөрийн охин компани Workera-тай хамт зохиосон панел хэлэлцүүлгийг дөнгөж сая үзлээ.
Маш сонирхолтой консептууд яригдсан учраас, бас миний мэдэх олон залуу AI инженер болон бусад салбарын мэргэжилтнүүдэд хэрэгтэй санагдсан учир тэмдэглэлээ зарим нэг эх сурвалжаар баяжуулан хуваалцаж байна.
Эхлээд “AI + X” гэж юу вэ?
“AI + X” гэдэг нь ямар нэгэн салбарын (бизнес, анагаах ухаан, инженерчлэл, сэтгэл судлал гэх мэт) эксперт хүмүүс AI-ийн ерөнхий эсвэл/болон нарийвчилсан мэдлэг чадварыг эзэмшсэн байгааг нийтэд нь хэлж байна.
Яагаад “AI + X” хэрэгтэй гэж?
Дараах тоо баримтуудаас AI мэргэжилтнүүдийн эрэлт их байгаа, ойрын ирээдүйд улам нэмэгдэх нь харагдаж байна.
- Дэлхий дахинаа компаниудын AI-д зарцуулж буй хөрөнгө оруулалт ирэх 4 жил 2 дахин өсч 110 тэрбум ам. долларт хүрэх төлөвтэй. (IDC, Aug 2020)
- Байгууллагуудад тулгарч буй AI чадварын дутагдал нь тэдний хувьд хамгийн хүнд асуудалд тооцогдож байна. (Gartner, Jan 2019)
- Гүйцэтгэх захирлуудын 79% зайлшгүй ажиллах хүчний хомсдол нь тэдний байгууллагуудын өсөлт хөгжилд заналхийж байна гэжээ. (pwc, Jun 2019)
- Хэлэлцүүлэгт дурдаагүй бас нэгэн судалгаанд AI мэргэжилтнүүдийн хамгийн өндөр эрэлт мэдээллийн технологийн бус хэлтсүүдээс гарч байна гэжээ. (Gartner, Mar 2020)
Мөн эдгээр компаниудынхаа Data, Machine Learning, AI хэсгүүдийг удирдан манлайлдаг мэргэжилтнүүдийн хэлснээр дан ганц AI инженерчлэлийн чадвартай хүнээс AI инженерчлэлийг өөр ямар нэгэн салбартай хослуулан мэргэшсэн хүмүүс тодорхой даалгавруудыг хавь илүү гүйцэтгэх давуу талтай юм байна.
Дан чадвараас давхар чадвар хэрэгтэй, илүү байх нь ойлгомжтой байж мэдэх юм, гэхдээ давхар чадвар эзэмших нь ажиллах хүчний нөөцийн хувьд бас оновчтой шийдэл болох гэнэ. Нэг талаас олон өөр салбарт AI нэвтрэн орж байгаагаас AI мэргэжилтнүүдийн эрэлт их, нийлүүлэлт гүйцэхгүй хомсдол үүсгэж байгаа; нөгөө талаас өөрийн карьераа өсгөх, ажлын бүтээмжээ ихэсгэхэд одоо байгаа чадвар дээрээ нэмээд тохирох хэмжээний AI чадвар эзэмших нь тухайн мэргэжилтэнд огт шинэ салбар руу эхнээс нь сурч орохоос харьцангуй хялбар байх нь.
Тэгвэл энэ “AI + X” салбаруудад яаж орох вэ?
Хэлэлцүүлгийн энэ хэсэгт Маркетингийн салбараас Дата ба аналитикийн салбарт орсон Valerie Alleger, Механик инженерчлэлээс AI ба Тооцон бодох биологийн салбарт орсон Amirali Kia, хэлэлцүүлгийн хөтлөгч Сэтгэл судлалаас AI боловсролын салбарт орсон Sandhya Simhan нар өөрсдийн карьерын шилжилтүүдийн талаар хуваалцав. Тэдний карьерын талаар сонсоход бүгд харилцан адилгүй хугацаанд, өөр өөр аргаар энэ шилжилтийг хийсэн байсныг дурдууштай.
Хэрэв та AI-тай холбоогүй чиглэлээр сурч эсвэл ажилладаг бол:
- Эхлээд өөрийнхөө хаана байгааг мэдэх
Workera компани яг энэ хэрэгцээг хангах Машин сургалт, Гүнзгий сургалт, Математик, Өгөгдлийн ухаан, Програм хангамжийн инженерчлэл, Алгоритмын шалгалтуудтай юм байна. Өөрийнхөө хаана байгааг тухайн сэдвийн мэдлэгээ шалгах эсвэл бусадтай харьцуулан мэдэх боломжтой тул HackerRank, Kaggle, TripleByte зэрэг өөр олон шийдлүүдийг ашиглаж бас болно.
- Дараа нь хаашаа явахаа шийдэх буюу юу сурах хэрэгтэйгээ тодорхойлох
Шалгалтынхаа дүнд анализ хийлгээд эдний өөрийн сургалтын хөтөлбөрүүдээс сонгон шинэ чадварт суралцах буюу чадвараа дээшлүүлж болох нь. Workera компанийн толгой компани AI чиглэлийн хамгийн олон хүнд хүрсэн (яагаав, Andrew Ng багшийн) хичээлүүдтэйг энд санууштай. Мөн л одоо үед машин сургалт, өгөгдлийн ухаан, гүнзгий сургалтыг ямар л бол ямар платформоор дамжуулан үзэх боломжтой. Тэдгээрийг хамгийн сайн нэгтгэсэн байж болох Class Central-ын AI сэдвийн хичээлийн жагсаалтыг үзээрэй.
- Өөрийн мэргэжилтэй холбоотойгоор AI талын хэрэгцээт чадвараа ахиулах
Танд аль хэдийн байгаа туршлага, чадвар дээр дөрөөлөн өөрийн сайн мэдэх салбарт тулгарч буй асуудлыг AI зэрэг технологи ашиглан шийдвэрлэхээр суралцах нь таныг илүү үр дүнд хүргэх нь. AI салбар руу шилжиж яваа залуу мэргэжилтний хувьд хувиасаа нэмэрлэхэд практик дадлагыг онолын мэдлэгтэй хослуулах болон тодорхой асуудлыг шийдэж чаддаг зорилготой болохоор AI талаар судалбал арай бодит амьдралтай ойрхон байхаар санагдаж байна.
Хэрэв та AI чиглэлээр сурч эсвэл ажиллаж байгаа бол:
- Гал эрмэлзлэлээ дагаж шинэ салбараа сонгох
AI-ийг зөвхөн AI-ийнх нь тулд судалж байгаа судлаач биш л бол таны хөгжүүлдэг шийдэл, сургадаг модел ямар нэгэн салбарын ямар нэгэн бодит амьдралын асуудлыг шийдэх, одоогийн шийдлийг сайжруулахад оршиж таарна. Тэгэхээр та өөрийн AI чадвар дээр өөр салбарын мэдлэг чадварыг нэмж судлахдаа сонгосон салбараа таны дуртай, анзаарч мэдэхийг хүсдэг, зорилго мөрөөдөлтэй тань уялдсан байлгахад анхаараарай. Таны “гал эрмэлзлэл” бүхий салбарыг сонгосноор та дан чадвартанаас давхар чадвартан болох замдаа тууштай, илүү бүтээмжтэй байх болно.
Ингээд хэлэлцүүлгийн туршид ярилцсан сэдвүүдээс чухал гэж бодсоноо та бүхэнтэй хуваалцаж дууслаа. Надад энэ “AI + X” ойлголт тун шинэ, сонирхолтой санагдсан ба энэ тэмдэглэлийг бичиж байхдаа би Workera ороод шалгалт өгч хүртэл амжлаа. Намайг Deep Learning Engineer үүрэгт хамгийн сайн тохирох нь гэсэн ба 6 шалгалтын явц болон үр дүнгээс мэргэжлийн ойлголтуудаас сэргээж харах ёстой зүйлсээ ч тэмдэглээд авлаа. Энэ хэлэлцүүлгээс та ч гэсэн өөртөө хэрэгтэйг нь аваад үлдсэн гэж найдъя, дараа уулзатлаа түр баяртай.