Хүний амьдрал хэр урт вэ?
Хүн орчлонг хэмжих дуртай. Тэгэхдээ янз бүрээр хэмжинэ. Харин өвгөний хувьд бол алдлан хэмжиж явна. Орчлон ч бас хүнийг хэмжих дуртай. Тэгэхдээ он жилээр хэмждэг нь нэг бодоход болхи бүдүүвтэр хэмжүүр гэлтэй. - Д.Мягмар авгайн “Үер” туужийн хэсэг
Хүмүүс бид олон зүйлийг хэмждэг аж. Нойроо, хоолоо, хувцсаа, хөрөнгөө хэмжинэ. Эрх чөлөөг хэмжинэ, энх тайванг ч хэмжинэ. Айдсаа, найзаа, нөлөөгөө, алдраа бас хэмжинэ. Тэгээд өөрийгөө, өөрийн амьдралаа, хийж бүтээснээ, хүрч болох өндөрлөгөө хэмжинэ.
Тэгвэл Монгол улсын иргэн миний 70 жилийн амьдрал хэр урт вэ?
Хэдэн жилийн өмнө блоггер, TED илтгэгч Тим Урбаны бичсэн, зурсан Таны амьдрал, долоон хоногоор, Өдрийн зуун блок блогуудыг уншсанаас хойш амьдралын цаг хугацааг харах өнцөг маань нэг мөсөн өөрчлөгдсөн билээ. Ингэж ой тоонд үлдсэн санаануудыг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Тэр гүйж байгаа нь би, ногоонууд нь өнгөрсөн цаг.
Эхний санаа: Дээрх ганц хүснэгтэд жирийн Монгол хүний амьдрал тэр чигтээ багтсан ба нэг нүд нь нэг долоон хоног, нэг мөр нь нэг жилийг төлөөлж байгаа юм. Тоолж барамгүй их хугацаа шиг санагдах 70 жил тоологдохоор барахгүй бүр ийм цөөхөн долоон хоногоос бүрдэж байна. Тэгтэл долоон хоног хэр хурдан дуусчихдаг билээ!?
Дөрвөлжин дэвтрийн нэг нүдийг нэг долоон хоног гэвэл бидний амьдрал дэвтрийн гурван нүүр ч хүрэхгүй урт. Бас бид нар аль хэдийн дэвтэртээ бичээд эхэлчихсэн шүү дээ!
Тим Урбан бидэнд үнэтэй цагаа зарцуулах хоёр сайн арга санал болгосон нь:
- Өөрийнхөө одоо цагийг жаргалтайгаар өнгөрөөх,
- Өөрийнхөө болон бусдын ирээдүйн цагийг илүү жаргалтай болгох юм бүтээж өнгөрөөх юм.
Би хувьдаа дээрх саналуудыг байнга санаж явдагаас гадна амьдралыг долоон хоногт хуваан хэмжих загварыг нь мөн өөр зориулалтаар ашигладаг юм. Тэр зориулалтуудад доор үзүүлэх амьдарч, аялж байсан хотуудаа тэмдэглэх болон боловсрол, ажлын байрны төлөв, эхлүүлсэн төслүүд, бүр амьдралын том зорилгуудаа бүртгэх зэрэг ордог ба энэ загвар надад амьдралаа холоос харах бүргэдийн хараа өгдөг билээ.
Тэр гүйж байгаа нь дахиад л би, өөр өнгө = өөр хот.
Удаах санаа: Жилээс, бүр долоон хоногоос нарийн тодорхойгоор амьдралаа хэмжих гэвэл бас арга бий. Хоногт байдаг хорин дөрвөн цагийн наймд нь унтаж амардаг гэвэл бидэнд арван зургаан цаг үлдэж байна. Түүнийгээ арав, арван минутын жижигхэн хайрцагт хийлээ гэж бодъё л доо. Тэгвэл бид өглөө болгон халаасандаа 100 гаруй тийм жижигхэн хайрцагтай сэрдэг байгаа юм. Бүтэн 100 шүү!
Цэнхэрүүд нь үр бүтээмжтэй өнгөрсөн хугацаа, доорх тоонууд нь тухайн өдрийн энгийн АҮК.
Эхний хүснэгтийн нэг нүд яг дээрх хүснэгт тэр чигтээ гээд бод доо! Цагаа ингэж нарийн нэгжид хуваачихаад өөрийнхөө өдөр тутам юу хийдгээ ядаж нэг ажигласан байх нь амьдралын жижигхэн боловч шийдвэр гаргахад тустай ажээ. Хором мөч бүрийг бүртгэх боломжгүй ч цагийн ерөнхий хуваарилалтаа өөрийн зарчим, зорилгод тааруулан хүн бүр гаргачихаж болно.
Би хувьдаа дээрх өдрийг 100 хайрцагт хуваах загварыг өдрийнхөө бүтцийг тодорхойлох, хэзээ хамгийн идэвхтэй ажиллаж чаддагаа мэдэх, тэгээд идэвхтэй цагаа юунд зарцуулахаа шийдэх, бүр юуг аль цагт заавал хийх, өдрийнхөө аль хэсгийг нь уян хатан үлдээх зэргийг шийдэхэд хэрэглэдэг. Ингэснээр бичил шийдвэрүүд гаргахад зарцуулах эрч хүч хэмнэгдэж, мөн уялдаатай шийдвэрүүд гарснаар том зорилгод хүрэхэд хурдатгал нэмэгддэг ба энэ загвар надад амьдралаа ойроос харах шоргоолжны хараа өгдөг юм.
Эцэст нь бичихэд, одоогоор хэмжигдэж буй ертөнцийн арван гурван тэрбум жилийн настай харьцуулахад хүний амьдрах зуун жил инээдтэй мэт боловч энэ зуун жилийг ямар хэмжүүрээр хэмжихээс шалтгаалаад цаг хугацаа барагдахгүй урт ч, баригдахгүй богино ч байж болох ажээ.
Бичвэрийн хамгийн эхэнд дурдсан Д.Мягмар гуайн "Үер" туужийн хэсгээс энэ бичвэрийг хөврүүлэн бичсэн болно.