Юу амьдралыг амттай, аз жаргалтай болгодог вэ?


Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг. - Б.Цэнддоо авгайн “Отгонтэнгэрийн дуулал”-ын хэсэг

Photo by Wesley Tingey on Unsplash Photo by Wesley Tingey on Unsplash

Юу амьдралыг амттай, аз жаргалтай болгодог вэ?

Би саяхан нэг алдартай ТЭД илтгэл үзсэн юм. Илтгэгч нь Роберт Ж. Волдингер хэмээх дөлгөөн яриатай, шавилхан биетэй Харвардын төгсөгч өвгөн байв. Тэрээр илтгэлийнхээ эхэнд өөрийгөө дэлхийн хамгийн урт аз жаргалын судалгааны нэг хэсэг гэдгээ зарласан ба Роберт одоо 75 жил үргэлжлээд буй судалгааны 4 дэх ахлагч нь болж таарав.

Судалгааны талаар товч өгүүлэхэд: Харвард Стади оф Адулт Девелопмент хүний амьдралыг бүхлээр нь судалж юу амьдралыг аз жаргалтай болгодог талаар судлахаар 724 өсвөр насны хөвгүүнийг сонгожээ. Тэд 2 өөр бүлгийг сонгосны нэг нь судалгаа эхлэх үед Харвардад сурч байсан оюутнууд байсан ба нөгөөх бүлэгт тэр үеийн Бостоны хамгийн ядуу амьдралтай хөвгүүд байж. Тэд өсч том болохдоо үнэхээр янз бүрийн хүмүүс болж төлөвшиж, зарим нь үйлдвэрийн ажилчид, зарим нь эмч, хуульч, нэг АНУ-ын ерөнхийлөгч болж зарим нь архинд орж, зарим нь нийгмийн дээд давхаргаас ч бууж. Судалгаанд оролцогчдоос 2 жил тутамд амьдралынх нь талаар асуулга авах ба илүү практик аргаар ярилцлага хийх, гэрийнхэнтэйгээ яаж харилцаж байгааг нь ажиглах зэргээр шинэчлэл авдаг байсан ба судалгаа эхлээд 60 жил өнгөрсний дараа эхнэрүүдийг нь оролцуулж эхэлсэн. Одоо тэдний үр хүүхдүүд нийт 2000 гаруй хүнийг мөн судалгаанд оролцуулдаг байна. Тэгэхээр энэ судалгааны үр дүн юу байв?

Энэ 75 жилийн туршид үргэлжилсэн, одоо ч үргэлжилж буй судалгааны үр дүн нь “хүн хоорондын сайн харилцаа бидний аз жаргал, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг” гэсэн дүгнэлт юм. Гэр бүлтэйгээ, найзуудтайгаа, хотол олонтойгоо эрүүл, эерэг харилцаатай хүмүүс илүү урт насалж, бие нь илүү эрүүл байж, сэтгэл нь тайван байдаг бол ганцаардмал, ойр дотны хүмүүстэйгээ муу харилцаатай хүмүүс эрт буцаж, бие хаа нь мөн л эрт мууддаг байна.

Тэгэхээр бидний нүдэнд үзэгдэх, биеэрээ туулах амьдрал маань нүдэнд үл үзэгдэх, магадгүй зөвхөн үг, үйлдлээр л ойлгогдох “хүн хоорондын утга учиртай харилцаа” гэдэг хэмжүүрээр тодорхойлогдож болох нь. Амьдралд мөнгө, алдар нэр, бахдам их амжилт тэгвэл хэр чухал болох нь вэ? Та бодогтун, би ч бас бодъё!

Бичвэрийн хамгийн эхэнд дурдсан Б.Цэнддоо гуайн “Отгонтэнгэрийн дуулал”-ын хэсгээс энэ бичвэрийг хөврүүлэн бичсэн болно.