Эх хэл ба шинэ эрин


Эх хэлээ зөв сурах, хайрлах, хамгаалах нь эх орноо амар тайван байлгах, аюул заналаас хамгаалахын үндэс.

Би энэ бичвэрээрээ эх хэлэнд маань хүрч болох “орчин үеийн” аюул занал юу байж болох талаар, эдгээрээс сэргийлэх, холдуулахад залуучууд бид юу хийж болох талаар санал дэвшүүлнэ. Интернет дэлхийг аалзны тор шиг бүрхсээр одоо дэлхий дээрх хоёр хүний нэг нь интернетэд холбогдсоныг, мэдээллийн технологи аж үйлдвэрлэлийг дөрөвдүгээр хувьсгалд аваачиж робот хүний хэлийг анхнаас сурах ийм үед амьдарч байна.

Энэ эриний аюул 1: Хагас дутуу эх хэл + хагас дутуу гадаад хэл. Цаг үе бүрт шинжлэх ухаан, технологийн ололт амжилт хаана хамгийн их гарч байгаагаас шалтгаалан тухайн газар орны хэл шинжлэх ухааны голлох хэл болдог байв. Энэ үеийн голлох хэл бол маргаангүй Англи хэл. Манай дунд сургууль болгонд шахуу уг хэлийг хоёрдогч хэлээр заадаг хэдий ч элсэлтийн шалгалтын сүүлийн үеийн (2009–2012) дөрвөн жилийн дунджууд бүгдээрээ 500 оноог тойрон эргэлдсэн байна (497–499). Эдгээр нь маш муу үзүүлэлт ба шалгалтын даалгаврын 30 хувийг ч давуулан биелүүлж чадахгүй сурагчид төгсөж байна гэсэн үг. 2017 онд шалгалт өгөх 40 мянган хүүхдийн 27 мянга нь англи хэлээр шалгалт өгөхийг мөн анхаарна уу. Монгол хэлний шалгалтын оноо 497–503 хооронд хэлбэлзжээ.

Бидний хийх ёстой зүйл: эх хэлээ төгс сурах + шинжлэх ухаан ололтын хэлийг мөн төгс сурах + хэлнүүдийг хольж хутгахгүй цэврээр нь хэрэглэх.

Энэ эриний аюул 2: Цахим түрэмгийлэл. Улсын хилд зөвхөн биетээр тогтоосон хилээс гадна цахим хил ойлгогдох болжээ. Цахим хилд маань заналхийлсэн хэдэн жишээ дурдвал: 1/Интернет дэх хамгийн том, нээлттэй сан болох Google, Google Maps-д Монгол дотроо зураг аваад байршуулах гэхэд газрын зураг дээр хилийн гадна харагдсан тохиолдол гарсан. 2/Мөн л өнөөх Google Maps газрын зурагт Монгол хэлээр үзэх тохиргоо хийсээр байтал “Төв аймаг” хайлтаар Туве гэх нэр аймгийн нэрний оронд гарч харагдана. 3/Иймэрхүү ноцтой асуудлыг сонсож мэдээд тоохгүй байх сэтгэл сохор, дүлий Монгол хүн.

Бидний хийх ёстой зүйл: энэ мэт жижиг ч гэсэн буруу зүйлсийг соргогоор олж илрүүлж тухай бүрт нь засч залруулж байх + эдгээрийг хүн биш машин сурч, боловсруулж байж болохыг анхааран ойлгох, ойлгоогүйгээс гарах үр дагавар хэзээ ч засрахгүй алдаа, илүү их дата болон буцаж ирэхийг ухаарах.

Дээрх хоёр бол хэлтэй холбоотой үүсч болох асуудлуудыг зөвхөн бага хэсэг нь, харин хэлнээс гадна өөр олон замаар асуудлууд үүсч болно. Залуус бид эх орон маань бидний толгой дээр байгааг, миний асуудал энэ биш гээд түлхэх эрхгүйг бодож, тунгааж, ойлгож ухаарах ёстой билээ. Эрт тусмаа л сайн.