Баяр, гунигийн тухайд


Лхамаад зориулав.

Photo by ÉMILE SÉGUIN 🇨🇦 on Unsplash Photo by ÉMILE SÉGUIN 🇨🇦 on Unsplash

Энэ нийтлэлийг нь уншаад нэг жил болжээ хө. Сонин юу байна даа? Яажшуухан амьдарч байна? Юу бодож мөрөөдөж сууна? Гол нь юу хийж тэднийгээ амилуулж байна? Юунаас гуниж бас юунд баясч байна?

Баяр гуниг гэснээс эдний талаар хэдхэн бодол, баахан асуулт хуваалцъя. Гурван сар хүрэхтэй үгүйтэйн цаана надад нэг ийм явдал тохиолдлоо. Инээж байсан эрүү ээрч амьсгалж байсан агаар уушигнаас сорогдоод явчих шиг болов. Нэгэнтээ өөрөөрөө дэнчин тавьж босгосон амьдралын хэлтэрхий үйрэхийг хараад элгэндээ хүчтэй цочроо авсан.

Тэгээд газар дуссан нулимс хатаагүй, амьсгаагаа сэлбэн авч ч амжаагүй байхдаа бодсон, би яагаад ингэж цочирдох болов? Би яагаад амьдралын боломжит нэгэн тохиолдол, хэдэн хүний уучилж болох алдаа, тэр дундаа өөрийн маш сайн мэдэх, олонтаа учирсан, даваад ч гарсан тохироог хараад тэгж тухгүйтэв? Би юунд баярлаж юунд гунидаг болсон юм бэ?

Хариулт нь юу байсан гэхлээр, өөрийн жаргал, сэтгэлийн тайван байдал, ер нь амьдралаа тэр чигтээ өрөөл бусдын хөлд зүүчихээр өнөөх өрөөл нь хазгай гишгэхэд өөрийн өр өвдөж амьдрал утгагүй санагдах юм билээ. Энэ бас бүхэл шалтгаан нь ч биш. Үүнээс цааш бичээгүй дээрээ энд би зөвхөн өөрт тохиолдсон тэр нэгэн тохиол, түүний эргэн тойронд, хамаг юмыг ерөнхийлөхгүйгээр, бичиж байгааг сануулъя.

Энэ бас бүхэл шалтгаан нь ч биш. Тийм, миний гунигт өөр шалтгаанууд ч бий бөгөөд тэдгээр нь өмнөх шиг бүгд өөртэй минь холбоотой. Тэдний нэг нь энэ алдарт шүлгийн мөрөөр тодорхойлогдоно, “Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай”. Туулж гарсан цасан шамарга, туучиж явсан лаг шавраа мартчихаар үдийн шиврээнд цохиулж үүдний шалбаагт халтирах юм даа хүн…

Халтирч уначихаад босоод алхах нь ээ харин бодогдож байна, бодит бэрхшээл ховор, харьцангуй тухтай орчинд өөрийгөө бөөцийлсөөр байгаад би гэдэг хүн олон зүйлийг мартсан, эсхүл тэдгээрт анзааргагүй болсон, бүр заримыг нь байх л зүйлс шиг үзэж явж. Амьд гарах инстинкт, нэг. Ард үлдсэн мөр, хоёр. Одоогийн тав тух, гурав.

Заавал ялихгүй шалбаагт хутгалдаж байж амьд гарах инстинктээ буцааж авч, ард үлдсэн мөрөө дурандан харж, одоогийн тав тухаа үнэлэн дүгнэх нь арчаагүй хэрэг хэдий ч надад эднийг ингээд ч болов мэдрүүлснийх нь хувьд би өнөөх үдийн бороотой таарсандаа дотроо баярланам.

Амьдрал амар хялбар болох тусам олж зовох шалтагуудын маань хэмжээс багассаар сүүл сүүлдээ бүр цэг болчихдог ч юм шиг. Энэ нь няцаашгүй шалтгаан олоод зовоод байя гэсэн үг биш, харин нэгэнт үзсэн туулсан зовлонгоо огоорч жаргалд ташуурахгүй байя аа гэж байгаа хэрэг.

1

Баяр баяслын минь шалтгаан юу билээ?

Арай өөрийнхөө хянаж чадахгүй зүйлээр хамаг жаргалынхаа нөхцлийг хийчихсэн юм биш биз?

Хэрэв тийм бол яаж өөрийн бүтээж чадах, эсхүл ядаж өөрийн мэдэрч чадах зүйлийг жаргалынхаа шалтгаан болгох вэ?

2

Зовлон гунигийн минь шалтгаан юу билээ?

Арай цасан шамаргыг давчихаад үдийн бороонд чичрээд байгаа юм биш биз?

Хэрэв тийм бол яаж үдийн бороонд цуваа ажиггүй давхарлаж сурах вэ?

Миний хүсэл мөрөөдөл бүр тэртээд харагдах аянгын хажлагатай борооны бөөн үүлний цаана байгаа биш үү?