Тухгүйтэхийн тухайд


Think & Tink series

Үргэлжлүүлэн уншихаасаа өмнө анхаарна уу.

Дараагийн хуудсуудад асуултууд байгаа. Асуулт бүрт ганц ганц минут зарцуулан бодож байж хариулахыг хүсье. Шаардлагатай гэвэл үзэг цаас аваад суусан ч болох шүү дээ.

Та хэзээ нэгэн цагт “Тухгүйт! Тав тухаасаа сал! Тав тухын зооноосоо гар!” гэж уншиж, сонсож, заалгаж байв уу?

Хэрэв тийм бол хэнээс, яагаад, яаж, хэзээ, хаана, бас амьдралын ямар үедээ энэ үгсийг хүлээж авснаа санаарай.

Та өөрөө бусдад энэ үгсийг хэлсэн ч байж магадгүй, тийм бол өмнөх асуултуудад мөн хариулан бодоорой.

Хэрэв энэ үгс — заавартай урьд нь тааралдаж байгаагүй бол шууд цааш уншаарай.

За тэгвэл танд “Get out of your comfort zone!” хэр ойрхон сонсогдож байна?

Хэрэв та энэ үгсийг хүлээж авсан, эсвэл хүлээлгэж өгч байсан бол хэнээс буюу хэнд, яагаад, яаж, хэзээ, хаана, бас амьдралын ямар үед ингэснээ санаарай.

Хэрэв энэ болон өмнөх заавар — үгстэй урьд нь тааралдаж байгаагүй бол яг одоо эднийг танд хэн нэгэн хэлж байна гээд төсөөлөөрэй. Хэн, яагаад, яаж, хаана хэлж болохыг төсөөлөн бодоорой. Бас таны амьдралын хэмнэл, хэвшил ямархуу байгааг бодоорой.

Одоо дахиад өөрөөсөө асуу: “Би энэ асуултыг хүлээж авах үедээ яг тав тухтай байсан уу?”

Хэрэв тийм бол эдгээр үгсийг хүлээж аваад таны амьдралд ямар өөрчлөлт гарсныг тунгаана уу.

Хэрэв үгүй бол шууд цааш уншаарай.

Би одоо танд өөрт тун олон тохиолдсон үйл явдлын талаар хэлж өгье.

Би номноос, сэдэлжүүлэгч илтгэгчдийн бичлэгээс, интернет дэх нийтлэлүүдээс, мэргэжлийн чиглэлийн ментор — зөвлөгчүүдээс, хайртаасаа, хамтрагчаасаа болон хамгийн сонин нь ӨӨРӨӨСӨӨ “Тухгүйт! Амжилт, адал явдал тухгүйтлээс л эхэлнэ, Тав тухын зооноосоо гар!” гэсэн хатуу зааврыг байнга авсаар ирж. Гэтэл хамгийн инээдтэй нь юу гээч?

Би ухамсарт амьдралынхаа ихэнхийг тухгүй өнгөрөөсөн байжээ.

Миний уншдаг, сонсдог, үздэг медиа болон надад аминчлан зөвлөдөг байсан нөхдийн маань уг “Get out of your comfort zone” гээч ятгалгыг хүлээж авдаг байсан эх сурвалж нэг хавтгайд ойр оршдог байжээ.

Тэр эх сурвалжийн байр суурийг, цаашилбал bias-ыг танихгүй байх нь угаасаа тухгүй байгаагаа мэдэхгүй мань мэтэд нэмэлт тухгүй байдал болдог байж.

Тэр эх сурвалж буюу “Get out of your comfort zone” гэдгийг амжилттай (түмэн олонд үнэмшилтэй, хүртээмжтэй) зөвлөөд байгаа хүмүүс нь ихэнхдээ хөгжингүй оронд гэртэй, амьдралын чанар өндөртэй хүмүүс байж, миний тохиолдолд.

Тэгвэл одоо яах вэ?

Хэрэв та өмнө дурдсан ятгалгыг урьд нь хүлээж авахдаа тухтай байгаагүй, эсвэл саяхан энэ зөвлөгөөг тухгүй байхдаа хүлээж авсан бол дараах таван асуултыг өөрөөсөө асуугаарай.

  1. Би яагаад тухгүй байна вэ? Миний тухгүйтлийн шалтгаан гадаад хүчин зүйл үү, эсвэл дотоод уу?

  2. Энэ тухгүйтлийг засч болох уу? Энэ тухгүйтлийг засах хэрэгтэй юу?

  3. Ер нь энэ “тухгүйтвэл өсч хөгждөг” гэсэн зарчим надад үйлчлэх үү? Би тухгүйдээ өсч хөгжсөн туршлага бий юу?

  4. Хэрэв та “тухгүйтлээс өсдөг” хүн бол: Энэ тухгүйтэл маань нөгөөх “тухгүйдлээс үүддэг өсөлт”-өд аваачих юм биш биз?

  5. Хэрэв та тухгүйтлээс өсдөг хүн боловч энэ тухгүйтэл таныг өсгөх нь биш ба энэ тухгүйтлийг засах хэрэгтэй бол: Энэ тухгүйтлээ яаж засах вэ?

Асуултууд маань дууслаа. Энэ хүртэл хамт хариулт хайсан, өөрийгөө шинжсэн уншигч танд баярлалаа. Сүүлд нь өөрийнхөө зорьсон санааг дараах таван хуудсаар шуудхан хэлчихье.

  1. Бид аливаа сэдэлжүүлэлт, ятгалга, зөвлөгөөг шүүлтүүргүй хүлээж авдаг.

  2. Тэр ятгалга, зөвлөгөө, мэссэж нь бидний нөхцөлд тохирохгүй байх нь элбэг.

  3. Тэр ятгалгын жишээ нь тухгүйтэхийг сурталчилдаг хувь хүний хөгжлийн контентууд.

  4. Та аль хэдийн тухгүй байж болно, тэдний заримыг нь засч өөртөө тав тух нэмэх хэрэгтэй ч байж мэднэ. Та бүр тухгүй нөхцөлд өсч хөгждөггүй ч хүн байж магад.

  5. Аль ч нөхцөлд байсан гэсэн ятгалгын эх сурвалж, өөрийнхөө тухайн нөхцлийг сайтар үнэлж шинжсэн нь танд ашигтай*.

*Тав тухтай орчинд хөгждөг болон хөгждөггүй, аль хэдийн тухгүй болон тийм биш, тухгүй, гэхдээ засах хэрэгтэй нөхцөл байдал бүрт ашигтай

Энд бичсэн бүх асуулт, дүгнэлт маань надад их тусалсан болохоор нь бусдад бас тус болж магад гээд нийтэлсэн юм шүү.

Үүнтэй адилхан туршилт нийтлэлүүд уншихыг хүсвэл намайг дагаарай.

Хүндэтгэсэн,

Гэрэлтуяа