Үлэмжийн чанарыг хуурдах хөршүүд…
Дагаад дуулахад хэтэрхий сул хэрнээ тоохгүй өнгөрөөхөд хэтэрхий чанга ханын цаад талын ертөнц.
Хааяа, хааяахан хэдэн цагаар уртын дуунаас авахуулаад хүнд рок хүртэл дуу тавин амьсгалахад минь тэд бас ингэж мэдэрдэг болов уу?
Тэднийг анзаараагүй уджээ.
Анзаарахгүй хэр удаан явах байсан бол?
Хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй хүртэл үү?
Би юу мэдэрч байна вэ?
Хөндүүрлэсэн л бол эдгээх ёстой юу?
Би хэн бэ?
Дээш эргүүлэн хагас нээсэн цонх.
Цонхоор хорин зургаан градусыг сэлгэн орж ирэх хасах долоон хэмийн агаар.
Айдас. Тавгүйтэл. Тодорхойгүй байдал. Дахиад айдас. Хоёрын чинээ тавгүйтэл. Гурав дахин илүү тодорхойгүй байдал.
Би хаа нэгтээ юмаа орхиогүй байгаа?
Хамгаа үүрээд хаа нэгтээгээс явах мэдрэмжийг мартсан байж уу?
Мэдрэмж, дурсамж авч үлддэг нь байгаагүйгээр барахгүй аваад нүүдэг нь байсан биш үү? Уулын гол шиг.
Магадгүй хөгширчээ.
Магадгүй энэ хасах долоон хэмийн агаар байх.
Аавынхаа хөвөнтэй дээлийг нөмрөөд суух уу?
Үгүй дээ, хөлдөөд үхэхгүй нь тодорхой.
Зөөврийн дэлгэц, товчлуураа авчирлаа.
Амьгүй унтарчээ.
Хэдэн шөнийн өмнө нойронд автахын өмнө гэрэл нь асан унтарч амьсгалж байсан нь санагдлаа.
Энэ минь ч бас ядарчээ!?
Эсвэл зүгээр эрчим нь дуусав уу?
Цэнэглээд орхиё.
Өрөөний агаар сэлүүн, сэрүүн, таатай болжээ.
Хөршийн найр дуулдахгүй ч болж.
Цэнэгтэй болсон тархиа асаагаад, ширтээд, товшоод байж дээ.