1000 сонсохоос 1 үзэх, 1000 үзэхээс 1 үйлдэл хийх илүү юу?


Богино хариулт: тийм.

Photo by Guilherme Stecanella on Unsplash Photo by Guilherme Stecanella on Unsplash

Ямар нэгэн сэдэв, чиглэл, чадварт сонирхол татагдаад түүний талаар унших, сонсох, мэддэг хүмүүсийг нь хайж эхлэхээр маш олон эх сурвалж боломжтойгоор олдох юм.

Эхэндээ тухайн сэдвийнхээ талаарх анхан ойлголтыг авах, ерөнхий зураглалыг дотроо гаргаж авах, доторх тоглогчид, тоглоомын дүрмийг мэдэж авахад хугацаа зарцуулж тухайн салбарын хэд хэдэн “нөлөөлөгчдийг” олж дагадаг даа.

Тэд нар нэг бол бүр оройд нь гарчихсан мэргэжилтнүүд, эсвэл анхан шатанд хүмүүсийг идэвхжүүлж, мэдээлэлжүүлж дэмждэг хүмүүс байх нь элбэг.

Тэгээд хэрэв тухайн чиглэлээр жинхнээсээ хичээллэх, ямар нэгэн түвшинд хүрэх сонирхолтой хүн бол анхан шатны мэдлэгээ аваад л дараагийн шатанд гарах ёстой шүү дээ.

(Энд гэхдээ академик сонирхол, судалгааны талаар биш насан туршийн боловсрол, карьерын сонирхлын талаар ярьж байна шүү.)

Тэр үед анх таныг тухайн чадвартай танилцуулсан нөлөөлөгчийн “занималддаг” анхан контент аль хэдийн хуучирсан байх вий. Нэгэнт л энэ тэдний сонгосон агуулгын түвшин тул баярлалаа гэж хэлээд огт шүүмжгүйгээр дараагийн шат руугаа явна.

Харин олон түгээмэл, алдартай, “хоот” сэдвүүдийн хувьд (стартап, технологи, дизайн, хиймэл оюун ухаан, бүтээгдэхүүний менежмент, лав миний сонирхлоос харахад) дараагийн шатны контент, нөлөөлөгчид хэдэн арав дахин цөөн олддог.

Гэхдээ хүн дараах контентуудыг ихдээ л 10, 10 удаа хүлээж аваад залхах тийшээгээ хандана шүү дээ: “Хэрхэн машин сургалт сурах вэ?”, “Хэрхэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд нэвтэрч орох вэ?”, “Хэрхэн стартапаа эхлүүлэх вэ?”.

Хэрэв ямар нэг үйлдэл хийх хүсэлтэйгээр контент хүлээж авч эхлээд хэдэн жилийн дараа өнөөх контент маань “хамаатай” байсаар л байвал би өсч хөгжихгүй байна шүү гэж ойлгоод нэг бол тухайн сэдвийг орхих, эсвэл жинхэнэ үйлдэл хийх хэрэгтэй болдог.

Тэгэхээр, хүлээж авч буй мэдээллээ нэг шүүгээд үзээрэй. Хангалттай олон хүн нийлүүлж байгаа анхан шатны контент — сэтгэл хөдөлгөм урмын мэдрэмж дээрээ гацаад байгаа юм биш биз?

1000 үзэж, сонсож, уншихаас 1 үйлдэл хийх нь та биднийг дараагийн шатанд аваачна гэж би боддог. Та юу гэж бодож байна?