Зам — July noted — Entry 04


Замыг дагадаг юм уу, дагуулдаг юм уу?

Аян зам, амьдралын зам, хүрэх зам, буцах зам, өгсөх зам, уруудах зам гэж ярьцгаадаг, тэгвэл зам гэж чухам юу байх нь вэ? Замыг дагадаг юм уу, дагуулдаг юм уу, хүргэдэг юм уу, хүргүүлдэг юм уу? Аль нь ч байлаа гэсэн, хэн тэр замыг олж болох вэ? Замыг та өмчилж болох юм уу? Зам гэж ер нь оршин байдаг зүйл үү?

Замын талаар бичихийн тулд эхлээд энэ үгээр яг юуг ойлгох вэ гэдгийг нэг утгатайгаар тодорхойлох хэрэгтэй. Би “амьдарч байна” гэдгээрээ хэсэг юмсыг хөдөлгөж, шилжүүлж байна, мөн өөрөө хэсэг юмсын хөдөлгөөний улмаас хөдөлж, шилжиж байна гэж ойлговол, зам гэдэг нь дурдсан хөдлөх, шилжих үйл явц бүрийг тодорхойлох болно.

Ингэж тодорхойлоод, уг үгийг хэрэглэсэн жишээнүүдээ харвал: аян зам гэдэг нь надад хамгийн энгийнээр ойлгогдох, нэг газраас нөгөөд шилжих үйл явц болж байна, зөрчилдсөн зүйл алга; амьдралын зам гэдэг нь өөрөө яг тодорхойлолтын дагуух зам болох нь; хүрэх ба буцах замууд нь шилжилт, хөдөлгөөнийхөө эцсийн үр дүнгээс хамааран өөр өөрөөр нэрлэгддэг ба, бидний ойлгодог, нэг юмны хоёр тал гэсэн утгаасаа салсан ойлголтууд болж байна; өгсөх уруудах замууд яг өмнөхтэй ижлээр өөр өөр үр дүнд хүргэх харьцангуй салангид утгатай зүйлс боллоо, зөрчил байхгүй.

Дахин тодорхойлсон замыг дагадаг уу? Эсвэл дагуулдаг уу? Дагадаг ч бай, дагуулдаг ч бай, зам нь шилжин хөдлөх үйл явц хэвээр үлдэхийн хувьд эхэнд тавьсан хоёр асуулт утгагүй болох юм. Хүргэдэг, эсвэл хүргүүлдэг эсэх талаар асуултууд ч гэсэн замын энэ тодорхойлолтын хувьд утгагүй болж байна. Энд зам хаанаас эхлээд хаана хүрч байгаа нь чухал буюу өөрөөр хэлбэл, шилжилтийн эхэн болон эцэс төлөвүүд л чухал. Замыг хайж, олохын хувьд, хэрэв таны хайж буй зам, таны хайж буй юмыг хайж буй зам биш л бол, та хайсан замаа хэзээ ч олохгүй. Замыг өмчлөхийн хувьд, та амьдарч байгаагийн хувьд та өөрийн явж буй зам бүрийг өмчилж болно, гэхдээ мэдээж “өмчлөх” үгийн утга нь замын тодорхойлолтод нийцэж байх үед шүү дээ. Замын оршихуйд эргэлзэх нь амьдралын оршихуйд эргэлзэх, өөрийнхөө оршихуйд эргэлзэхтэй ижил санаатай тул, зам гээч нь орших нь үнэн.

Хамгийн сүүлд, надад ийм асуулт төрлөө: “Би эхний болон эцсийн төлөв байдалдаа анхаарал хандуулах ёстой юм уу? Аль эсвэл ямар замаар явахдаа анхаарал хандуулах ёстой юм уу?” Энэ асуултынхаа хариуг хайх гэж Мишель дө Монтэнийг уншсан боловч ойлгож чадсангүй. Түүний эсээнүүдийг “Өөр өөр замаар нэгэн ижил үр дүнд хүрч болдог тухай” гэсэн эсээ нь эхлүүлсэн байсан билээ.