Надад нэг мөрөөдөл бий.
Манай Монгол улс олон улсын net-zero болох уралдаанд идэвхтэй оролцож хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэсэн хамгийн эхний улсуудын нэг болоосой.
Нэгдүгээрт
Бидэн шиг чулуужсан CO2 ялгаруулалт харьцангуй бага, хүн цөөтэй, дэлхийн тавцанд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаагаараа муугүй яваа, өөрсдөө ядуу ч санхүүжилт татах гарцтай, хууль тогтоомж шинэхэн бас цөөтэй ийм улсад зөвхөн боломж л байна.
Биднийг ойр зуур сатааруулах зүйл олон хэдий ч, бүх ажил одоохон ногоон* болоод ирэх ийм цаг үед амьдарч байж бид улсаараа илүү амбицтай баймаар байна аа.
Хямралын үед боломж их гарч ирдэг гэдэг биз дээ, уур амьсгалын өөрчлөлт бол бидний ойрын ирээдүйдээ дасан зохицох, үүнтэй хамтран амьдрахаас өөр аргагүй том хямрал.
Монголчууд бид яагаад улсдаа шинэ ногоон* технологиудыг цуглуулж, туршиж, түүнийгээ дэлхийд эргүүлэн зарж, хүн төрөлхтөнд алсдаа, ойрхондоо өөрсдөдөө тусалж болохгүй гэж?
Олон улсын конвенц, хэлэлцээрт нэгдсэн, түүндээ зориулж ганц нэг барьцгүй, судалгаагүй амлалт өгсөн, гэхдээ хэдэн зуун мэргэжилтний ажиллаж, хүчээ шавхаж байгаа судалгаатай, жинхэнэ бодлого төлөвлөгөө нь “зорилгод бүрэн хүрэхэд хол байна, санхүүжилтээ хаанаас шийдэх нь тодорхойгүй” гэх мэтээр дүгнүүлсэн, ийм л байна бид хэд.
Харин оронд нь одоо байгаа чадвартай хүн хүч, нөөц, хамтын ажиллагаа дээрээ үндэслээд уур амьсгалын үйлдлийн санхүүжилтийн моделоо тэр чигт нь өөрчлөөд, бодит технологиуд (одоохондоо ихэнхдээ гадаадаас) нэвтрүүлээд, сайжруулаад, эргүүлээд ажилладаг загвар, туршилтын дата, судалгаа, сайн жишиг, зөвлөх үйлчилгээ болгоод зарвал ямар вэ?
* энд ногоон гэдгээр уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, үүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, агаараас хүлэмжийг хийг буцааж авах, нийлбэрийг тэглэх зэрэгтэй холбоотой бүхнийг хэлж байна
Хоёрдугаарт
Би одоо AI чиглэлийн оюутан, Climate change AI салбар руу мөдхөн л орчих гээд өөрийгөө шахан шахан ажиллаж байна, цаашид тогтвортой хөгжлийн бодлогоор сурах, энэ чиглэлийн бодлого, хэрэгжилтийг хянах харуул баг үүсгэх ч бодолтой байгаа.
Хамтран үүсгэн байгуулагч, дүү Irene маань график урлагийн чиглэлийн оюутан, дижитал болон аналог уран бүтээлч, уур амьсгалын өөрчлөлтийн уран бүтээлч, музейн куратор болохоор мөн л өөрийгөө дайчлан дайчлан ажилласаар.
Гурван жилийн өмнөөс бид Green Dot хэмээх эрүүл амьдралын консепт стартап эхлүүлж, нийгмийн эрүүл мэндийн ямар бүтээгдэхүүн хүнд хэрэгтэй байна гээд хайсаар, сурсаар, судалсаар л явна.
Ингэж судлах явцдаа амьдрах орчин эрүүл биш, тогтворгүй болоод ирэх үед эрүүл амьдралын ямар ч чармайлт сүүдэртэх, хүчгүйдэх юм байна гэдгийг ойлгож, үүнээс хойш жил хагасын турш Уур амьсгалын өөрчлөлт Монголд хэмээх төсөл эхлүүлж, хором бүр л үүгээр амьсгаллаа.
Бидний хамгийн сайн хийж чадах, нөгөө талаас хамгийн дутагдалтай байгаа, бас өөрсдийн сэтгэл зүрхээ хамгийн ихээр зориулж чадах зэргээ бодолцож бид уур амьсгалын өөрчлөлтийг Монголын өсвөр, залуу үеийнхэнд шинжлэх ухаанчаар, бас бүтээлчээр ойлгуулах; тэднийг дэмжиж менторлох; тэдэнтэй харилцаж community үүсгэх ажлуудыг сонгон хийж байна.
Одоогийн хэмнэлээ ирээдүйн төлөвтэй харьцуулж сайн ажиглахад миний, миний хамтран үүсгэн байгуулагч Irene-ийн, Green Dot багийн маань алсад харагдах од бол дээр дурдсан тэр л мөрөөдөл, улсаа net-zero уралдаанд сойх гэсэн тэр л амбиц юм байна.
Гуравдугаарт
Зам дардан биш ч, зам салж чиг өөрчлөгддөг ч, замыг янз бүрийн унаагаар туулж болох ч, Алтангадас од зүг чигийг заасаар л байг ээ.
Уухай!