Сайн уу, 2023 он оо? Баяртай, 2022 он минь.


Оюутны амьдралаас сурсан, ажигласан хоёр зүйл буюу 1-р хэсэг

Цаг хугацаа гэж сонин юм шүү. Сүүлийн гурван жил хаашаа ч юм шунгинаад өнгөрсөн байтал 2022 он амьдралын минь хамгийн урт жил байсан шиг санагдах юм. Сүүлийн нэг жил хамгийн удаан өнгөрсөн атал сүүлийн хэдэн сар өрлөөнөөс орой хүртэлхийг анзаарах ч сөхөө өгөлгүйгээр нисэн оджээ.

Дээрх асуултуудад шууд хариулж чадахгүй байгаа ч, эхний хэдэн эргэцүүлэлд бол тохирох тайлбарууд байна.

Бидний цаг хугацааг ингэж өөр өөрөөр хүртэж, эргэн санаж байдаг нь магадгүй хүний ой санамж үйл явдлыг яаж цаг хугацаатай холбон дурсамж болгодогтой холбоотой тархи судлалын ухагдахуун байх. Энэ нь хүний цаг хугацааг дүрслэхдээ ашиглаж буй хэлний онцлог, хүүрнэлийн төрөлтэй холбоотой хэл шинжлэлийн судлагдахуун байж мэдэх, эсвэл бүр цаг хугацаа, үйл явдал, эднийг хүртэгч болон ажиглагчийн өнцөгтэй холбоотой физикийн асуудал ч байж болох.

Цаг хугацааны талаарх ерөнхий эргэцүүллээ энд дуусгаад арай тодорхой сэдэв рүү орцгооё: 2022 онд юу сурав, юуг онцгойлон ажиглав, бас яагаад?


Энэ хэсэгт өнгөрсөн онд сурсан, ажигласан зүйлс, гэнэт толгой тогшоод ороод ирсэн чухал бодлуудаа дөрвөн хэсэгт хуваан бичье.

Оюутны амьдралын эргэн тойронд

Би гэдэг сурахыг одоог хэр нь сураагүй, гэхдээ сурахад их дуртай хүн 2020 оноос орос хэлийг тэгээс нь сурч эхлээд 2021 оноос Казанийн холбооны их сургуулийн (КФУ) хэлний бэлтгэлийн, 2022 оноос Санкт-Петербургийн улсын их сургуулийн (СПбГУ) магистрын оюутан болсон билээ.

Манай улсын ойрын зуугаад жилийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн Орос улсад сурахаар сонирхох, төлөвлөхөд хөтөлсөн шалтгаануудын нэг нь Б.Цэнддоо авгайн Соёлын довтолгоо, Монгол 11 үгээр номуудыг уншихад төрсөн гүн гүнзгий сониучирхал юм.

Нүүдэлчдийг суурин иргэншилд нэгэнт оруулсан тэр том систем, тэр их хүчирхийлэл, тэр их бүтээн босголт, тэр дэглэмийн дараах улс одоо ямар болоо бол? Энэ сониуч байдал угтаа бол өөрийгөө нүүдэлчнээр эхлээд, технологи бүтээгч, дэлхийн иргэнээр дараагаар нь мэдэрдэг залуу Монгол хүний амьхандаа улсынхаа өмнөх, одоо, ирээдүйг ойлгох гэхдээ хариултыг нь хайсан гэнэн асуулт байж магад.

Мэргэжлийн хувьд бакалаврын зэргээ Монгол улсын их сургуульд (МУИС) математикийн чиглэлээр дүүргэсэн, хэдэн жил инженерээр ажилласан ч цаашид хиймэд оюун ухааныг сууриас нь, илүү гүнд сурах сонирхолтой байсан надад СПбГУ-д удаах чиглэлээр эхлэн нээгдэж буй магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцах нь тун ч алдахааргүй боломж санагдсан юм. Ингээд буцаад оюутан болов оо.

Оюутны эхний жилд сурсан, ажигласан зүйлс гэвэл:

1. Сурч сурах нь насан туршийн чадвар ажээ.

Боловсрол цэцэрлэгээр эхлээд их, дээд сургуулиар төгсдөг биш гэр бүлээс эхлээд, сургуулийн өмнөх, дундах болон дараах боловсролын байгууллагуудаар дамжаад, хүний насан турш үргэлжилдэг юм байна. Энэ насан туршийн боловсрох үйл явцын алхам тутамд тухайн боловсролын төрлөөс үл хамааран хэрэглэгддэг ерөнхий чадвар байдаг нь сурах чадвар болтой.

Сурах чадварыг би хувьдаа ингэж тодорхойлдог: голчлон албан боловсролоос тогтдог хувь хүний мэдлэгийн зохицуулалтын тогтолцоог өөрөө сайн ойлгож авах, голчлон албан бус боловсролоос тогтдог хувийн зохион байгуулалт, амьдралын дадлуудыг мэдлэг зохицуулах үйл явцад саад болохгүй, харин дэмжлэг болдог байдлаар өөрийгөө төлөвшүүлэх.

Аливаа мэдээллийг хүртэхдээ үнэн зөвийг нягтлан шүүх, туршиж шалгах, шүүсэн мэдээллийг шинэ мэдлэг болгож өөрийн мэдлэгийн системд цэгцтэй шингээж авах, ингэхдээ өмнөх мэдлэгээ шаардлагатай бол үгүйсгэх эсвэл шинэчлэх, шингээсэн мэдлэгээ ажил, амьдралд ашиглагдах чадвар болгох, суулгасан чадваруудаа өөрт болон бусдад хэрэгтэй байдлаар ашиглаж болох амьдралын хэмнэл, дадал үүсгэх гээд л явж өгөх нь.

2. Зүрхшээсэн даалгавартай нүүр тулсан бол эхнээсээ зохистой хүлээлт тавьж, тэвчээртэй хандаж, бага багаар хэмлэж байж ард нь гарна.

Буцаад оюутан болохоор төлөвлөж эхлэхэд надад бэрхшээх шалтгаан нэг байсан нь өмнөх удаад их сургуульд сурах үед хүчтэй сэтгэл гутралд амьдралдаа анх удаа автаж хичээллэх байтугай амьдрахад хэцүү хэсэг хар бараан үе давхацсан явдал байв. Түүнийгээ буцаад хүрээд ирэх вий гэж нууцхандаа санаа зовж байсан ч энэ удаад аз тохиосон уу, эсвэл арай хөгширснийх үү, нөхцөл байдал арай сайн утгаараа ондоо, би ч арай бэлтгэлтэй байна.

Гутарсан үед ямар нэгэн нүх, булан, эсвэл мухар гудамжинд хана мөргөөд гацчихсан ч юм шиг санагддаг сан. Бас том, жижиг янз бүрийн асуудал тулгарахад юу ч хийж чадахгүй мэт, бас юу ч хийх хүсэлгүй юм шиг санагдаж тухайн нөхцөл байдлаас аль болох зугтах, өөрийгөө сатааруулах гэдэг байсан. Үүнээс болж олон ч хүнийг гомдоож, олон ч ажил нурааж, олон ч гүүр шатаасан даа.

Энэ нөхцөл байдлаа тухайн үед үзэж байсан хичээлүүд, сурах орчинтойгоо холбоод тогтоочихсон байснаа одоо бага багаар өөрчлөөд л явж байна. Энэ анзаарсан зүйл жижиг даалгаврууд болох уншлага хийх, бие даалт дуусгахаас авахуулаад, том даалгаврууд болох судалгааны чиглэл сонгох, огт мэдэхгүй сэдэв шинээр судлах зэргийн ард гарахад надад их тусалж байгаа.

Зохистой хүлээлт гэдэг нь тухайн даалгаврын хэмжээ, нарийн төвөгтэй байдал, өөрийн чадвар зэргийг оновчтой үнэлж, даалгаврыг дуусгах хугацаа, үүнийг хийхэд шаардлагатай нөөц бололцоо, гарах үр дүн зэргийг эхлэхдээ аль болох хурдан тодорхойлохыг хэлж байна. Тэвчээртэй хандах, бага багаар хэмлэх хоёр нь зохистой хүлээлтийг бодит болгох, гүйцэтгэх үед хэрэг болно.


За, иймэрхүү хоёр зүйлийг өмнөх жилд оюутны нүдээр дахин дахин ажиглаж, ажиглах бүртээ дахин шинжлэхээр хичээснээ энд та бүгдтэй хуваалцлаа. Товчхон жагсаалт гаргахаар эхэлсэн боловч аль хэдийн тусдаа богино нийтлэл болохоор хэсэг гараад ирсэн учраас үүгээр эхний хэсгийг дуусгая.

Дараагийн удаад үлдсэн сэдвүүд болох уур амьсгалын өөрчлөлтийн активист болоод, дайнтай улсад хэрхэн амьдарч үзээд, Green Dot хэмээх стартапын ажлаа ахиулаад сурсан, ажигласан зүйлсээ үргэлжлүүлэн бичих болно, санаа сэтгэгдлээ чөлөөтэй бичээрэй.