Бид эрүүл сайхан нийгмийг хүсээд зогсож болохгүй, үйлдэх ёстой.
Зураг: Н.Номин-Эрдэнэ, “Эх дэлхийн өдөр 2022” арга хэмжээний үеэр
Хэрэв та сүүлийн хоёр сар миний постуудыг харсан бол Эх дэлхийн сар хэмээх санаачлагыг Green Dot багаараа эхлүүлэн эхний төслөө хэрэгжүүлсэн билээ.
Бид эхний төслөөрөө Globly болон Joy багуудтай хамтран Монголын 21 аймаг, нийслэлийн 7 дүүргийн өсвөр насныхныг хамарсан уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэх, тэднээр үйлдэл хийлгэх (НҮБ-ын хувь хүнд чиглэсэн зөвлөмжийг баримталж), үйлдлүүдийг нь албан тоонд AWorld аппаар дамжуулж бүртгүүлэх, тэднээр гэр бүл, найз нөхөд, сургуульд нь мэдээлэл хүргүүлэх сарын хугацаатай чалленжийг зохион байгуулсан.
Энэ чалленжийн явцад Монгол талын хамтын ажиллагааг хариуцаж дүгнэлт арга хэмжээг зохион байгуулсан найз, хуучин хамтран ажиллагч, одоогийн бизнесийн хамтрагч, Globly компанийн үүсгэн байгуулагч, COO Номин-Эрдэнийн бидэнтэй буюу Green Dot багтай хамтран ажилласан сэтгэгдэл, бусад хамтран ажиллагч байгууллагуудтай хэрхэн холбогдсон, Эх дэлхийн өдөр арга хэмжээг хэрхэн зохион байгуулсан ноу-хауг энд хүргэж байна.
Зарим хариултыг уншихад эвтэйхэн байдлыг нь бодолцон хэсэгчлэн салгасан болно.
- Green Dot хамтран үүсгэн байгуулагч Б.Гэрэлтуяа, 2022 оны 5-р сарын 25
Зураг: “Эх дэлхийн өдөр 2022” арга хэмжээний Улаанбаатар дахь оролцогчид
“Эх дэлхийн сар - Өсвөр насныхан 1 САЯ үйлдлийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чалленж нь миний хувьд болоод манай Globly багийнхны хувьд байгаль орчиндоо санаа тавьдаг ирээдүйн хэрэглэгчдээ бэлдэж буй хамгийн үнэ цэнтэй компанит ажил.
Асуулт 1. Монголд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэл буюу Climate Action хийхэд уриалах төсөлд хамтран ажиллах саналыг байгууллагууд хэрхэн хүлээж авсан бэ?
Хамтын ажиллагаа учраас бидний хийж байгаа ажил тухайн байгууллагын үйл ажиллагаатай ашигт ажиллагаараа нийцэж байх ёстой. Тиймээс эхлээд тухайн байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг төсөл хөтөлбөрүүдтэй танилцах шаардлага тулгарсан. Монголын шинэлэг залуу медиа стартапуудаас эхлэн том корпорациудын 50 орчим холбогдох менежерүүдтэй холбогдсон.
Нийгмийн хариуцлагын ажил дотроо байгаль орчинтой холбоотой ажил нэлээдгүй шинэ талдаа байдаг ба ихэвчлэн хамт олноороо агаарт гарангаа мод тарих, олон нийтийн суботникт оролцох зэргээр хувь нэмрээ оруулдаг санагдсан. Технологид суурилан өөрсдийн өдөр тутмын амьдралдаа байгаль орчинд ээлтэй үйлдлүүдийг хэвшүүлэх гэсэн санаагаа ойлгуулах гэж бага зэрэг зүдэрсэн.
Асуулт 2. Хамтран ажиллах байгууллагуудаа яаж амжилттай олж авсан бэ?
Компаниудад танилцуулга хийж яваад орой нь Discord дээр өсвөр үеийн чалленжид оролцогч хүүхдүүдтэйгээ хэлэлцүүлэг өрнүүлж байхдаа нээрээ л бид шинэ технологийг хүлээн авах тал дээрээ яагаад ч өсвөр үеийнхнийг барахгүй юм байна гэсэн мэдрэмж төрсөн. Тиймээс санал тавих тактикаа өөрчлөн илүү өсвөр үеийнхний хайртай брендүүдтэй хамтран ажиллах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Өмнө нь хамтран ажиллаж байсан болон одоо хамтран ажиллаж байгаа хүмүүс рүүгээ холбогдоход бүгдээрээ дотроо тус тусдаа байгаль орчиндоо санаа зовнидог, технологид ойр хүмүүс болохоор манай кампанит ажлыг илүү дэмжсэн. Ингээд TsoilogsoZ, UB Passport, JOY, Eco Life Mongolia зэрэг компаниудад санал тавьж амжилттайгаар хамтын ажиллагаа эхлүүлсэн.
Асуулт 3. Эх дэлхийн өдөр 2022 арга хэмжээг яаж зохион байгуулав? Баг бүрдүүлэлтээс эхлээд байрлал, хөтөлбөрийг хэрхэн сонгосон бэ?
Эх дэлхийн өдөр 2022 арга хэмжээний зохион байгуулалтад 100% сэтгэл зүрхээрээ дэмжин ажилласан Eco Life Mongolia дэлгүүрийн хамт олонд юун түрүүнд талархмаар байна. Бид өөрсдөө Эх дэлхийн өдөр, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ гэчхээд их хог хаягдал үүсгэж цахилгааны өндөр зарцуулалт гаргаж, төлбөртэй зочид уриад ч юм уу тийм байдлаар хийхийг хүсээгүй.
Энэ зарчимд маань Eco Life Mongolia дэлгүүрийн concept маш сайн нийцэж байсан тул цаг нь тулсан ч гэсэн имэйл бичиж холбогдсон. Гантулга захирал өөрөө маш хурдтай найрсгаар хүлээн авч, нэг уулзалтын дараагаас эхлэн төлөвлөлтийн ажил, арга хэмжээний зураг төсөл рүү Globly багийнхантайгаа хамтдаа 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ханцуй шамлан орсон.
Globly багийнхны хувьд дийлэнх нь өөрсдөө өсвөр насныхан байсан нь үеийнхнийхээ юу хүсдэг, юунд дуртайг мэддэг байсан нь Eco Life Mongolia багийнхны зарчимч, шударга мөн зохион байгуулалттай хамт олны ур чадвартай төгс нийцэж арга хэмжээний бэлтгэл маань таван хоногт бүрэн дууссан. Бид бүх зүйлийг гараар, хог хаягдалгүй (zero-waste) хийсэн ба өөрсдийн бололцоогоор арга хэмжээгээ хамгийн төгсөөрөө зохион байгуулахаар хичээсэн.
Асуулт 4. Эх дэлхийн өдөр 2022 арга хэмжээний онцлог юу байв?
Арга хэмжээ маань AWorld дээрх Монголын анхны баг #TeamMongolia-гийн гишүүдэд зориулагдсан болохоор арга хэмжээний бүхий л хэсэгт Монгол ахуй, Монгол ёс заншил, уламжлалыг шингээхийг зорьсон.
“Сэндвич кофе ≠ цагаан идээний цуглуулга, Флаш моб ≠ Монгол бүжиг, Олны танил хүмүүс, нөлөөлөгчид ≠ бид өөрсдөө нөлөөлөгчид” гэсэн зарчмыг баримталсан нь онцлог болсон ба энэ нь зохион байгуулагчдад ч, оролцогчдод ч шинэ туршлага байлаа. Тиймдээ ч бидний төсөөлснөөр хүрэлцэн ирсэн хүн бүр цаг агаарын байдлыг үл харгалзан бүрэн модоор тохижуулсан гадаад талбайд хаврын хавсаргатай шуургатай байсан ч сэтгэлдээ дулаанаар мэдэрсэн байх.
Асуулт 5. Хамтран ажилласан багийнхандаа хандаж юу хэлэх вэ?
Халуунд халж, хүйтэнд хөрч арга хэмжээний гадаа талбайг бүрэн шойтогдож угаасан, хаягдалгүй картон цаасаар бүтээлчээр чимэглэсэн гээд энгийн нэг арга хэмжээнд хэзээ ч тохиохгүй бэлтгэл ажлуудыг огтхон ч гомдоллохгүй, харин ч эсрэгээрээ бүрэн дүүрэн баяр баясалтайгаар хийж гүйцэтгэсэн Globly багийн гишүүд Эгшиглэн, Дэлгэрмаа, Номин-Эрдэнэ (Номи), Абылай, Билэгсэд, сайн дурын гишүүд Жаргалмаа, Анужин, Энхзул нартаа талархлаа.
Аливаа зүйл санаанаас эхлээд ажил болон хэрэгжихэд баг хамт олны хүч л хамгийн чухал байдаг гэдгийг ухаарсан. Green Dot, Globly, JOY, Эх дэлхийн сарын элчүүд, #TeamMongolia багийн 300+ гишүүд бид нар Dream Team байж чадсан шүү!
There is no planet B.