Уур амьсгалын өөрчлөлтийн талаар бидний мэдэх бүх зүйл


Монголчууд 1 сая үйлдэл хийж чадах уу?

Уг нийтлэл дараах бүтэцтэй.

Эх дэлхийн сар — Монголчууд 1 сая үйлдлийн төлөө

Эх дэлхийн сар

Энэ оны 4-р сарын 22-нд болох Эх дэлхийн өдрийг¹ угтаж Green Dot баг ирэх 4-р сарыг тэр чигт нь эх дэлхийн сар болгон зарлаж байгаа билээ. Энэ сарын туршид хийгдэх хамгийн чухал ажил нь “Монголчууд 1 сая үйлдлийн төлөө” кампанит ажил юм.

2021 оны тоогоор улс даяар 13–19 насны өсвөр насныхан 340’123 байсан² ба бид хүчээ нэгтгэн эх дэлхийн сарын туршид тэдний 1.5% буюу 5000 өсвөр насныхныг идэвхжүүлэх зорилготой. Хийхэд амархан, гэхдээ тун чухал 10 үйлдлийг өдөр бүр тогтвортой хийхэд зорилтот бүлгээ уриалснаар бид 1 сая үйлдлийг уур амьсгалын эсрэг Монгол улсаа төлөөлөн хийж эхлүүлэх боломжтой.

Уг үйлдлүүдийг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндсэн аппликэйшн болох AWorld-оор³ дамжуулан бүртгэх ба бидний зорьж буй 1 сая үйлдэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх амжилтын түүх болох боломжтой юм. Эх дэлхийн сарын турш бид дараах нөлөөг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үзүүлэхээр анхлан тооцооллоо.

Уг кампанит ажилд маань одоогоор Globly болон Joy гэсэн ирээдүйг харсан багууд нэгдээд байгаа ба та ч өөрийн чадах бүхнээр оролцох боломжтой. Дүгнэж хэлэхэд, жилд нэг өдөр онцгойлон тэмдэглэдэг хэдий ч өдөр бүр эх дэлхийн өдөр байх ёстойг санацгаая.

Эх дэлхийн өдөр

Эх дэлхийн өдрийг анх одоогоос 52 жилийн өмнө буюу 1970 оны 4-р сарын 22-нд АНУ-д тэмдэглэж байж.⁴

Уг өдөр нь үйлдвэрлэл, эдийн засгийн огцом өсөлт, хяналтгүй хэрэглээнээс үүссэн орчны бохирдол, байгаль орчны доройтлыг эсэргүүцсэн оюутнуудын тэмцлээр эхэлж тэр үедээ 20 сая Америкчуудыг идэвхжүүлж олон олон хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн өөрчлөлтөд хөтөлжээ.

Үүнээс 20 жилийн дараа буюу 1990 онд Эх дэлхийн өдрийг олон улсад анх тэмдэглэсэн ба энэ удаад 141 орны 200 сая хүнийг хамарсан том тэмдэглэлт өдөр болж өргөжжээ. Үүний дараа 2000 онд 184 орны 5000 байгаль орчны байгууллага, 2010 онд 193 орны 1 тэрбум гаруй хүнийг тус тус оролцуулсан дэлхийн хэмжээний кампанит ажил болон хөгжсөн байна.

Сүүлийн жилүүдэд “Парисын хэлэлцээрийн” дараах улс орнуудын хойрго ажиллагааг шүүмжилж, өдрөөс өдөрт мэдрэгдэж буй уур амьсгалын ноцтой өөрчлөлтийн эсрэг тэмцлээ орон орны иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Эх дэлхийн өдрийг тохиолдуулан илэрхийлж оролцдог болсон. Энэ жилийн Эх дэлхийн өдрийг монголчууд бид бас залуу үеээ мэдээлэлжүүлэх, тэдэнд өөрсдийн хувь нэмрээ оруулахад нь тусалж тэмдэглэх нь зүйтэй гэж бид үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын өөрчлөлт⁵ бол өнөө үед хүн төрөлхтний оршин тогтнолд нүүрлээд буй хамгийн том аюул, бидний анхаарах ёстой хамгийн том асуудал мөн.

Дэлхийн дулаарал, агаар дахь нүүрсхүчлийн хийн өндөр концентраци, ган, зуд, усны хомсдол, гал түймэр, хар шуурга, туйлын мөсний хайлалт, далайн түвшний өсөлт бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн юм. Энэ аюулын эсрэг сүүлийн 30 жил олон улсын байгууллагууд, улс орнуудын засгийн газрууд, бизнесийн том корпорациуд, жижиг дунд бизнесүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувь иргэд бүгд өөрсдийн оруулж чадах хувь нэмрээр тэмцэж ирсэн хэдий ч энэ бүхэн хангалтгүй хэвээр л байна.

Уур амьсгалын шинжлэх ухааны олон олон судалгааны үндсэн дээр дэлхий дахинаараа нэгдэн баримтлах зорилго, судалгааны суурь аль хэдийн гарсан байсан ч саяхныг хүртэл буюу 2015 оныг хүртэл хариуцлага тооцох механизмтай олон улсын хэлэлцээр, гэрээ байсангүй. Жишээлбэл 1992–1994 онд батлагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн⁶ Киотогийн протокол”⁷ хэмээх Монгол улсыг оруулаад 154 орон нэгдсэн олон улсын чухал хэлэлцээр идэвхтэй байгаа хэдий ч энэ хэлэлцээрийн улсуудад хууль эрхзүйн хариуцлага тооцох механизм сул аж.

2015 онд “Парисын хэлэлцээр”⁸ үүнийг өөрчлөн гарч ирж 196 орон уг хэлэлцээрт нэгдэн ирэх зууны зорилго, түүнд хүрэх холын болон ойрын зорилтууд, төлөвлөгөө болон үр дүнг тайлагнах зарчим зэргээ нэгтгэн баталгаажуулсны нэг нь Монгол улс юм. Бид энэ хэлэлцээрт нэгдсэнээрээ дараах уур амьсгалын зорилгуудад хүрэхээр ажиллах ёстой болсон.

2100 он гэхэд дэлхийн дундаж дулаарлын хэмжээг 1.5°C-т барих

Гэхдээ улс орнуудын одоогийн төлөвлөлтөөр энэ зууны эцэст гараг маань 2.7°C-аар дулаарах төлөвтэй байна.

2050 он гэхэд ялгаруулсан хэмжээний хүлэмжийн хийгээ агаар мандлаас буцааж авч тэг нийлбэрт хүрэх

Үүний тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, зохистой санхүүжүүлэх хэрэгтэй.

2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг аль хэдийн 50% багасгасан байх

Үүний тулд улс орнууд 2020 оноос 2030 оны хооронд чулуужсан түлшийн үйлдвэрлэлээ жил бүр 6%-аар багасгах шаардлагатай.

Монгол улсын оролцоо

Монголын уур амьсгал сүүлийн 60 жилд аль хэдийн 2°C-аар халсан ба ган, шороон шуурга, үер, хэт халалт, цөлжилт ихэссэн. 2100 он гэхэд муугаар бодоход 5°C-аар халж магад ба хүнсний аюулгүй байдлын болон ойгүй болох эрсдэлтэй.⁹

Монгол улсын оролцооны талаар судлах явцад улсад маань ийм аюул нүүрлээд буй хэдий ч энэ талаарх монголчуудын өөрсдийн удирдаж хийсэн судалгаа, монгол хэл дээрх албан бичиг баримт, нээлттэй нийтлэл, тоо баримт тун ховор байсныг энд тэмдэглүүштэй.

Монгол улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколыг” 1999 онд¹⁰, “Парисын хэлэлцээрийг” 2016 онд¹¹ соёрхон баталсан.

2021 онд “Парисын хэлэлцээрийн” дагуу Шотландад болсон COP26 (УАӨТНҮБСК-ийн Талуудын 26-р Бага Хурал) чуулганы¹² индэр дээрээс Монгол улсын ерөнхийлөгч 5 жилийн ажлаа танилцуулж дараах шинэчилсэн зорилтуудыг танилцуулав.¹³

2050 он гэхэд тэг нийлбэрт улс болох

2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22.7%-аар багасгах

Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлж хэрэгцээт санхүүжүүлэлтийг ихэсгэснээр ялгаруулалтыг 27.2%-аар багасгах боломжтойг дурдсан.

Сэргээгдэх эрчим хүчний комплекс барих

Монгол улс Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачлагыг дэмжин Зүүн Хойд Азийн улсуудтай хамтран Говийн бүсэд нарны болон салхин эрчим хүчний том комплекс барихаар ажиллаж байгааг дурдсан.

“Монгол — Ногоон хөгжил” чуулганыг зохион байгуулсан

COP26 чуулганыг угтан Улаанбаатар хотноо “Монгол — Ногоон хөгжил” олон улсын мэтгэлцээнийг амжилттай зохион байгуулсныг мөн дурдсан.

2030 он гэхэд тэрбум мод тарих

Тэг нийлбэрт хүрэх, цөлжилт болон ядууралтай эдийн засгийн аргаар тэмцэх, хамгийн эрсдэлтэй бүлгийнхний эрүүл мэндийг хамгаалж амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 2030 он гэхэд тэрбум мод тарих хөдөлгөөн эхлүүлснээ дурдсан.

ДНБ-ий 1%-ийг цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулах

Монгол улс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний ядаж 1%-ийг цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулах болсныг зарласан.

Хувь хүний оролцоо

Эх дэлхийгээ аварч өөрсдөө амьд үлдэх энэ том тэмцэл, энэ том зорилгын төлөө иргэд бид өөрсдөө юу хийж, яаж оролцох ёстой вэ?

Act Now¹⁴ гэдэг нь НҮБ-ын хувь хүнд чиглэсэн, хувь хүнийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, тогтвортой байдлын төлөө үйлдэл хийхийг уриалдаг кампанит ажил юм. Уг кампанит ажлаас иргэд биднийг дараах “Уур амьсгалд нөлөөлөх 10 үйлдлийг”¹⁵ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

  1. Гэртээ эрчим хүч хэмнэх
  2. Алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих
  3. Илүү их ногоо идэх
  4. Аяллын тээврээ бодолтой сонгох
  5. Хүнсний хаягдлаа багасгах
  6. Хаягдлаа багасгах, дахин ашиглах, засах, дахин боловсруулах
  7. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих
  8. Цахилгаан машин руу шилжих
  9. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгож хэрэглэх
  10. Саналаа өгөх, үр дүн шаардах, ярилцах

Дээрх 10 үйлдэл дээр нэмээд Green Dot багаас дараах 2 санаачлагыг нэмэн #УурАмьсгалыгӨөрчил уриатайгаар сурталчилдаг.¹⁶

  1. Мод тарь, хамгаал, зохистой хэрэглэх
  2. Нүүрстөрөгчийн ул мөр, төсөв, нөхвөр гэж юу болохыг судлах

НҮБ-ын уур амьсгалын эсрэг Act Now кампанит ажлын үндсэн мобайл аппликэйшн болох AWorld нь 2020 оны 9-р сард нээлтээ хийсэн уг аппын нэр нь эх дэлхий бол бидний A сонголт буюу Б гараг гэж байхгүйг илтгэжээ. Уг аппликэйшн дээр өөрийн тогтвортой дадлуудыг өдөр болгоны 34 үйлдлээс сонгон бүртгэдэг ба өнөөг хүртэл нийт ердөө 5’392’462 үйлдэл¹⁷ бүртгэгдсэн байгаа нь хангалтгүй ч чамлахааргүй тоо юм.

AWorld дээр өдөр тутмын зөвлөгөө, сэдэвчилсэн хичээлүүд, баг бүрдүүлж оролцдог сорилтууд байдаг ба өөрийн өдөр тутмын үйлдлийн эерэг үр дүнг тоогоор хэмжиж урамшууллын тэмдэг цуглуулж болдог. Бид энэ аппликэйшнийг ашиглан Эх дэлхийн сарын турш Монголын 5000+ өсвөр насныхныг өдөр болгоны 10+ үйлдэл, насан туршийн тогтвортой дадалд уриалах болно.

Энэ уриалгын үр дүнд AWorld апп дээр Монгол улсаас өмнө байгаагүй Team Mongolia¹⁸ гэсэн идэвхтэй баг үүсэх ба анхан тооцооллоор дараах уур амьсгалын нөлөөг үзүүлж чадна.

Ингэснээр бид өөрсдийн үүргийг биелүүлж дэлхийн тавцанд залуу үеээ уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй, хариуцлагатай, хамгийн гол нь үйлдэл хийдэг болоход нь дэмжиж чухал амжилтын түүх бүтээх боломжтой.

Эх сурвалж

  1. Эх дэлхийн өдөр — https://www.earthday.org/
  2. 2021 оны байдлаарх 13–19 насныхны тоо — http://1212.mn/
  3. НҮБ-ын Act Now кампанит ажлын үндсэн аппликэйшн AWorld — https://actnow.aworld.org/
  4. Эх дэлхийн өдрийн түүх — https://www.earthday.org/history/
  5. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын үндсэн хуудас — https://www.un.org/en/climatechange/what-is-climate-change
  6. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц — https://unfccc.int/process-and-meetings/the-convention/what-is-the-united-nations-framework-convention-on-climate-change
  7. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протокол — https://unfccc.int/kyoto_protocol
  8. Парисын хэлэлцээр — https://unfccc.int/process-and-meetings/the-paris-agreement/the-paris-agreement
  9. Азийн Хөгжлийн Банкнаас 2021 онд гаргасан Монгол улсын уур амьсгалын эрсдлийн үнэлгээ — https://www.adb.org/sites/default/files/publication/709901/climate-risk-country-profile-mongolia.pdf
  10. Монгол улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколыг” 1999 онд соёрхон баталсан баримт — https://legalinfo.mn/mn/detail/10132
  11. Монгол улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг” 2016 онд соёрхон баталсан баримт — https://legalinfo.mn/mn/detail/12109
  12. COP26 буюу УАӨТНҮБСК-ийн Талуудын 26-р Бага Хурлын үндсэн сайт — https://unfccc.int/conference/glasgow-climate-change-conference-october-november-2021
  13. COP26 чуулганы үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн илтгэлийн англи текст — https://unfccc.int/sites/default/files/resource/MONGOLIA_cop26cmp16cma3_HLS_EN.pdf
  14. НҮБ-ын Act Now кампанит ажлын үндсэн хуудас — https://www.un.org/en/actnow
  15. НҮБ-ын хувь хүнд санал болгож буй “Уур амьсгалд нөлөөлөх 10 үйлдэл” — https://www.un.org/en/actnow/ten-actions
  16. Green Dot багийн гаргасан #УурАмьсгалыгӨөрчил уриалга — #УурАмьсгалыгӨөрчил
  17. НҮБ-ын Act Now кампанит ажлын үндсэн хуудас дээрх одоог хүртэл бүртгэгдсэн үйлдлийн тоо — https://www.un.org/en/actnow
  18. AWorld апп дээрх Team Mongolia багийн урилга — https://aworld.org/join/team/mongolia