2030 он хүртэлх хэрэглэгчдийн сонирхлын тренд буюу брендүүд одоо юунд төвлөрөх ёстой вэ?
Зураг: 2030 он руу аялах гээд үзэх үү?
Dentsu агентлагийн 2022 онд гаргасан “The Age of Inclusive Intelligence” нэртэй 2030 он хүртэлх хэрэглэгчдийн зан төлөв, сонирхол, үнэт зүйлсийг таамагласан тайлангаас товчлон хүргэж байна.
Тэд экспертүүдтэй хийсэн ярилцлага, хэрэглэгчдийн судалгаа, инновациуд болон патентууд дээр хийсэн анализ, өөрсдийн харилцагчидтай хийсэн воркшопууд болон бусад судалгаан дээр үндэслэн 2030 он хүртэл брендүүд юунд анхаарах хэрэгтэйг 4 бүлэг болгон багцалжээ.
Эхний тренд: Universal Activism буюу Бүхнийг хамарсан активизм
Дэд тренд 1: Acclimatise now буюу Уур амьсгалын өөрчлөлтөд одоо дасан зохиц
2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл өөрчлөлтийн нөлөөг бууруулахтай зэрэгцээд үүнд дасан зохицох тийшээгээ хандана. Компаниудын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн метрикүүд орж хэрэгжсэн байх нь түгээмэл үзэгдэл байна. Харин брендүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэл хийхгүй байх нь гэмт хэрэг мэт тооцогдоно гэжээ. Брендүүд өөрсдийн хийж буй жинхэнэ, тодорхой үйлдлүүдийг хэрэглэгчиддээ ойлгомжтой хүргэж үүний хажуугаар гарч ирэх боломжуудыг тэнцвэртэй ашиглаж явах нь чухал гэнэ.
Дэд тренд 2: A new data paradigm буюу Мэдээллийн шинэ зах зээл
Арван хүний найм нь 2030 он гэхэд компаниуд, AI үйлчилгээнүүдтэй хуваалцдаг хувийн мэдээллээ өөрөө удирдах сонирхолтой байна. Энэ утгаар брендүүд хэрэглэгчтэй ойр харилцдаг хувийн туслахуудаараа өрсөлдөх болох нь. Уг шинэ мэдээллийн зах зээлд өөрийн хувийн орон зайгаа хадгалсан чигээрээ цахим үйлчилгээг ашиглах, хэрэв энэ нь боломжгүй бол уг үйлчилгээнээс татгалзах хэрэглэгчид олноор гарч ирнэ. Ийм учраас компаниудыг өөрсдийн хүч чадлыг ёс зүйтэй ашиглуулах, үүнийг хянах цахим ёс зүйн олон улсын байгууллагууд олширно гэжээ.
Дэд тренд 3: Kaleido-dentity буюу Маш олон ижилсэл/ондоошил
Identity буюу ялгаатай байдал, ижил төстэй байдал, хүний өөрийгөө илэрхийлж тодорхойлох талаарх ойлголт нь 2030 он гэхэд арьсны өнгө, хүйс, бэлгийн чиг хандлагаас цаашлаад тогтвортой байдал, нарийн ялгаатай цөөнхийн эрх гэх мэт хувь хүний олон өөр үнэ цэнийг нэгтгэсэн болж хувьсах нь. Энэ нь хэрэглэгчдэд харъяаллын шинэ эх сурвалж болох ба брендүүд энэ талбарт болгоомжтой ажиллах ёстой аж. Хэрэглэгчдэд юу гоё харагдахыг таамаглах өөрсдийн аргачлалдаа брендүүд нийгмийг олон талаар төлөөлөх, бусдын харъяалалд хүндэтгэлтэй, анхааралтай хандахын тулд өөрсдийгөө байнга боловсруулах хэрэгтэй болно гэжээ.
Дараагийн тренд: Synthetic Society буюу Нийлэг нийгэм
Дэд тренд 1: Beyond human буюу Хүнээс цааших
2030 он гэхэд биедээ болон сэтгэцдээ технологийн дэвшлийг (генийн өөрчлөлт, ухаалаг эм, тархи-компьютерийн интерфэйс) оруулж ирэх боломжтой давуу эрхтэй давхарга нийгэмд үүсэх нь. Энэ хязгаарлагдмал боломж нь эрүүл мэндийн болон бусад талаар нийгэмд хагарал үүсгэх магадлалтай ба энэ талбарт брендүүд хүний сайжруулалтыг ардчилах, нийгэмд өргөн хэрэглээнд оруулах тал дээр ажиллах боломжтой гэнэ. Хүн байх гэж юуг хэлэх талаарх ёс зүйн асуултууд үүнийг дагаад гарч ирэх ба компаниуд үүнтэй холбоотой бодлогоо шинэчлэх, ядаж бодолцож үзэх хэрэгтэй юм байна.
Дэд тренд 2: Virtual sets the standard буюу Цахим бол стандарт
2030 он гэхэд eSports болон цахим тоглоомын салбар бидний өнөөгийн “жинхэнэ-спорт” хэмээх ойлголтыг өөрчилсөн байх нь. 2030 онд FIFA eWorld Cup дэлхийн хамгийн олон хүн үзсэн спортын арга хэмжээ болох ч магадлалтай ба бодит болон цахим орчны холимог технологиуд бидний өдөр тутмын амьдралыг хол сайжруулна. AR шил, цахим үйлдлийг хүртэх мэдрэхүйд дамжуулдаг хаптик технологи зэрэг нь брендүүдэд энтертайнмент, идэвхжүүлэлтийн шинэ боломжуудыг нээж өгнө. Харин үүний зэрэгцээ холимог орчны донтолт том асуудал болох магадтай тул компаниуд хэрэглэгчтэйгээ хариуцлагатай, ёс зүйтэйгээр харилцах, хэт донтуулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэжээ.
Дэд тренд 3: Tech togetherness буюу Технологиор хамт оршихуй
Хүний холбоо харилцаа, хамт оршихуйг орон зай, ганцаардлаас үл хамааран технологиор дамжуулж бүтээх, сайжруулах нь ирэх арванд зайлшгүй болох зүйл. COVID-19 өвчний нөлөөгөөр энэ талбарын хөгжил хурдассан. 2030 онд роботын компаниуд хөгшчүүл, бэрхшээлтэй хүмүүст туслах нь илүү түгээмэл болох ба сексийн технологиуд илүү түгээмэл болох хандлагатай байна. Брендүүдийн хувьд технологийн боломжийг хүнд шинэ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдрүүлэх, хүний харилцан холбоо, идэвхийг хараа болон сонсголоос өөр мэдрэхүйгээр дамжуулан сайжруулах чиглэлд анхаарах хэрэгтэй гэжээ.
Сүүлийн тренд: Bigger Bolder Brands буюу Илүү том Илүү зоригтой Брендүүд
Дэд тренд 1: Rise of the Titan brands буюу Титан брендүүд айсуй
2030 он гэхэд хэрэглэгчид тодорхой хэдэн брендүүдийг өөрсдийн амьдралын хэвшлийн үндсэн хэсэг болгохоор сонгоно. Хятадад арван хэрэглэгчийн дөрөв нь 2030 он гэхэд амьдралын бүх хэрэгцээгээ ганц компанид даатгана гэжээ. Супер буюу олон талт ажиллагаа, хэрэглээ нь брендэд хэрэглэгчдийн үнэнч байдлын гол шалгуур болох аж. Энэ ирээдүйн Титан брендүүдтэй өрсөлдөхөд улам л хэцүү болох ба энэ нь тэдэнд буй болох их хэмжээний хэрэглэгчийн датанаас шууд хамааралтай байна. Зохицуулагч байгууллагууд энэ томчуудын зах зээлийн эзэрхийллийг багасгах, хуульчлах тал дээр ажиллах боловч технологийн хөгжил, инновацийг гүйцэхгүй л болов уу даа.
Дэд тренд 2: Every brand is a health brand буюу Бүх бренд эрүүл мэндийн бренд
2030 он гэхэд олон хэрэглэгчийн хувьд удаан хугацаандаа эрүүл байх, сайхан амьдрах нь худалдан авалтын шийдвэр гаргалтын гол хүчин зүйл болно гэнэ. Дэлхий дахинаа хүмүүсийн тал орчим нь ирэх 5-10 жилд биеийн эрүүл мэнддээ юу тохиолдохыг мэдэхийн тулд таамаглах технологийг ашиглана гэжээ. 2030 онд бүх бренд эрүүл мэндийн бренд болох ба бүх компани хэрэглэгчийн сайн сайхныг хангахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх гэнэ.
Дэд тренд 3: 5-Star citizens буюу 5 одтой иргэд
2030 он гэхэд брендүүд, улсууд хэрэглэгч, иргэдээ олон хүчин зүйлээр үнэлж тусгай болон нийтийн үйлчилгээ хэрэглэх эрхтэй эсэхийг нь тодорхойлно. Жишээ нь зочид буудлууд 5 одтой хэрэглэгчдийг ялган тансаг зэрэглэлдээ байрлуулах гэх мэт. Энэ нь уран зөгнөл шиг л хувь хүн ажил, хувийн болон нийтийн орчинд оноотой амьдрах магадлалыг авчирч байна. Иймээс брендүүд хэдий хүртэл оноо өгч, хэдий хүртэл хязгаарлалт тавих, ямар хэрэглэгчийг “сайн хэрэглэгч” гэж үзэхдээ болгоомжтой хандаж эрсдлийг тооцоолох хэрэгтэй гэнэ.
Ингээд бүх трендүүдийг товч танилцууллаа, танд таалагдсан байх гэж найдаж байна. Уг нийтлэл нь миний анхны Linkedin Newsletter-ийн хэсэг ба хэрэв та иймэрхүү технологи, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн судалгаа, тайланг товчилсон нийтлэл хүлээн авахыг хүсвэл subscribe хийгээрэй.